Нийслэлийн Байгаль орчны газар Улаанбаатарыг хавхгүй бүс болгох уриалга гаргалаа. Зэрлэг амьтны жим, нүх, үүрэнд хавх, урхи тавьж агнадаг, гэмтээдэг явдлыг таслан зогсоохын тулд тус байгууллагынхан “Хавхгүй нийслэл-2023” уриалга дэвшүүлж, энэ төрлийн зөрчилтэй тэмцэхээр болжээ. Иргэд ийм зөрчил илрүүлсэн тохиолдолд ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, амралтын үеэр хотын ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагчидтай холбогдож дуудлага, мэдээлэл өгөх боломжтой гэнэ.
Хавхны хэрэглээг таслан зогсоох зорилготой аяныг БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Ховд аймгийн эко клубийн сурагчидтай хамтран 2015 оноос хэрэгжүүлж, гурван жилийн хугацаанд 14 мянга гаруй амьтны амийг аварсан байдаг. Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсооход чухал хувь нэмэртэй энэ арга хэмжээг нийслэлд анх удаа зохион байгуулах гэж буйгаараа онцлог юм.