Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/155 дугаар тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, самрын ургацын үеийн судалгааг үндэслэн тухайн жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах, хориглох тухай шийдвэрийг аравдугаар сарын 10-ны дотор гаргадаг. Болц гүйцээгүй үед хуш модны самрыг түүж хэрэглэх нь эрсдэл дагуулдаг. Тодруулбал, түүхий самар нь давирхай ихтэй учир нян, вирус амархан үржиж хуримтлагддаг тул шар, гэдэсний бусад хурц халдварт өвчнүүд үүсгэх аюултай. Болц гүйцээгүй үед самрыг хуш модноос салгах зорилгоор хүчтэй түншсэнээр (мунадах) гол иш ихээхэн гэмтэж улмаар физиологийн хаталт өгөх, өвчин, хортонд нэрвэгдэх, үрлэлтийн хугацаа уртсах, байгалийн аясаар сэргэн ургах нөхцөлийг бууруулна. Мөн химийн бодис, бактерийн бэлдмэл ашиглан шилмүүст (шинэс, хуш) ой бүхий талбайд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг наймдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулж, хорио, цээрийн дэглэмийг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтоосон тул ойд зугаалах, дагалт баялаг ашиглах, мал бэлчээхийг хориглоно.