Улаанбаатар хотод энэ зун хоёр ч удаа томоохон үер болж, иргэд, аж ахуйн нэгжүүд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, дөрвөн ч хүний амь эрсдээд байна. Нийслэлд ус зайлуулах шугам хангалтгүй учраас бороо орох бүрт үерт автдаг. Тэгвэл борооны усыг зайлуулахаас гадна ашиглах гарц бий. Ус хуримтлуулах сан байгуулах нь үер, ган гачгаас хамгаалах үр дүнтэй шийдэл гэдгийг усны мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Энэ талаар 1985 оноос хойш сануулж ирсэн ч холбогдох албаныхан нь хүлээн авч, хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн тухай Усны газрын дарга асан З.Батбаяр ярив. Энэ талаар түүнээс тодруулахад “Туул голын олон жилийн дундаж урсац 26 шоо метр/секунд байдаг. Энгийн үгээр хэлбэл, нэг секундэд 26 мянган литр буюу таван машин дүүрэн ус урсаж өнгөрдөг гэсэн үг. Үерийн үед энэ хэмжээ хоёр дахин ихэсдэг гэж үзвэл минутад 3000, цагт 180 000, хоногт 4 320 000 шоо метр ус урсана. Нийслэлийн иргэд хоногт 150 000-160 000 шоо метр ус хэрэглэдэг.
Тэгэхээр үерийн үеэр хотын нэг хоногийн хэрэглээний ус ганцхан цагийн дотор л урсаад явдаг болж таарах нь. Хэрэв Туул голд усан сан барьчихвал 15.1 сая шоо метр буюу Улаанбаатар хотын 100 хоногийн хэрэглээний усыг хуримтлуулан авч үлдэх боломжтой. Туул гол жилд дунджаар нэг сар орчим хугацаанд үерлэдэг гэж үзвэл зун, намрын улиралд нийслэлийн иргэдийн бүтэн жилийн хэрэглээг хангаж чадахуйц их ус хуримтлуулна. Хуримтлуулсан усаараа эхний ээлжид Туул голын урсац багадах үед тэжээх боломжтой. Мөн хотын ундныхаас бусад бүх усны хэрэглээг хангана. Түүнчлэн хуримтлуулсан усны 10 хувийг говийн аймаг руу, эсвэл хэрэгцээтэй бусад газарт шилжүүлж болно. Сангийн усны 15 орчим хувь нь ууршдаг. Ингэснээр агаарын чийгшлийг нэмэгдүүлж, бохирдлыг тодорхой хувиар бууруулан, байгалийн усны эргэлтийг хурдасгах ач холбогдолтой” хэмээн тайлбарласан.
Тэгвэл бусад улсад усан санг хэрхэн байгуулсан байна вэ, манай улс тэдний туршлагаас хэрэгжүүлж болох, эсэхийг сонирхлоо. Дэлхий дахинд 2007 оны байдлаар нийт 800 мянган усан сан бий. Азид гэхэд нийт 87 мянган усан сан байдгаас 22 мянга нь томд тооцогддог. Том гэдэг нь 150 метрээс өндөр, нэг сая шоо метрээс дээш багтаамжтай усан санг хэлнэ. Японы 100 мянган усан сангийн 2800 нь том байх жишээтэй. Азитивээсүертэй хамгийн сайн тэмцэж чаддаг улс нь БНСУ юм. Дорнод аймагтай тэнцэх газар нутагтай энэ улс 1300 орчим байршилд усны далан, усан сан байгуулжээ. Тухайлбал, 98 метр өндөр, 447 метрийн урт далантай Чунжү усан сангаа долоон жилийн турш босгосон ба үүний тулд нийт 50 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Чунжү нь үер халихаас сэргийлэх гол сан болдог бөгөөд тэнд хуримтлагдсан усыг эрчим хүчний зориулалтаар ашигладаг аж. Харин манай улсын хувьд Говь-Алтай аймгийн Тайшир сумд л ганцхан усан сан байдаг нь Гэгээн нуур юм. Уг нуурыг 2-3 жилийн хугацаанд 30 сая ам.долларын төсвөөр барьж байгуулсан. Зорилго нь Айраг нуурын цэнгэг усыг Увс аймгийн Хяргас нуурын давстай уснаас зааглах бөгөөд 17.2 гаруй кмурт, 3.7 орчим км-ийнөргөнтэй. Үр дүнд нь тус цэнгэг усанд амьдардаг монгол хадран, Алтайн сугас гэсэн хоёр төрлийн загас Гэгээн нуурт үржиж, усны шувууд суурьшин, мал ундаалах болсон байна.
Бэлтгэсэн: Б.Оргил