Аялал жуулчлалын гол бүсүүдийн нэг болсон Алтай Таван богд руу байгалийн цогцолборт газрын нэвтрэх постоос цааш тээврийн хэрэгслээр зорчихыг энэ сарын 1-нээс хориглоод буй. Зохистой аялал жуулчлалыг бий болгох, цогцолборт газрын хамгаалалтын дэглэм, горим зөрчиж буй үйлдлүүдийг таслан зогсоох, экосистемийг нь хамгаалах зорилгоор орон нутгийн эрх бүхий албан тушаалтан ийм шийдвэр гаргасан юм. Гэтэл тухайн чиглэлд аялал зохион байгуулагч зарим компанийнхан, хувиараа явж буй иргэд уг шийдвэрийг үндэслэлгүй, жуулчлалыг дэмжих Засгийн газрын бодлоготой нийцээгүй, ердийн хөсөг түрээслүүлдэг орон нутгийн иргэдийг дэмжих зорилготой хэмээн буруутгаж, эсэргүүцэх болжээ. Тээврийн хэрэгсэлтэйгээ зугтаж, хориглосон бүс рүү нэвтэрсэн тохиолдол гарсныг ч Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааныхан баримтжуулжээ.
Энэ нь орон нутгийн иргэдийн захиалгаар, эсвэл хэн нэгэн даргын хүсэлт төдийд үндэслэн гаргасан шийдвэр биш. Замбараагүй, төлөвлөлтгүй аялал жуулчлалаас үүдэлтэй орчны бохирдол, доройтол тухайн бүсэд гаарч, байгалийн тэнцвэрт байдал алдагдан, мөнх, мөсөн гол, цэвдэг эрчимтэй хайлж байгааг судлаач, мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн юм. Японы NHK телевизийнхэнтэй Алтай Таван богд, Даян нуур орчимд саяхан ажиллаад ирсэн МУБИС-ийн Биологийн тэнхимийн багш, ургамал судлаач В.Гүндэгмаа тус бүс даац нь хэтэрсэн жуулчдын хөлд их хэмжээгээр талхлагдан сүйдэж, мөнх цас, мөсөн голуудын хил илт дээшилснийг хэлж байна. Тиймээс үүнийг жуулчдад ээлгүй, хэн нэгний эрх ашигт үйлчилсэн шийдвэр гэж үгүйсгэх нь зохисгүй юм. Харин ч цагаа олсон зөв шийдвэр гэж байгаль орчны салбарынхан үзэж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ, дэмжинэ гээд аль үзэсгэлэнтэй, сайхан газруудаа жуулчдын хөлд сүйтгүүлээд байж болохгүй билээ.