Канад улсын Лондон хотод болсон Америкийн шувуу судлалын нийгэмлэгийн хуралд Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн биологич, судлаач Г.Батбаяр оролцжээ. Хойд Америкт судалгаа хийж буй 825 судлаач уг хуралд оролцож, таван өдрийн турш15 дэд сэдвийн хүрээнд 700 орчим илтгэл хэлэлцүүлэн, хүндэт зочдын лекцийг сонсож, олон уулзалт, сургалтад хамрагджээ. Энэ нь шувуу судлаач, сонирхогчдод олон талын өгөөжтэй, зохион байгуулалт сайтай, цаасны хэрэглээг халж, цахим технологид бүрэн шилжсэн үлгэр жишээ арга хэмжээ болсныг Монголоос оролцсон судлаач дурдлаа.
Цаг уурын радарын станцын ажиглалт, мэдээнд тулгуурлан гаргасан судалгаагаар Хойд Америкийн шувууд 1970 оны үе буюу 50 жилийн өмнөхөөс гурав орчим тэрбумаар цөөрснийг тогтоожээ. Иймд дээрх нийгэмлэгийнхэн шувууны тоо хорогдох, тархац нутаг нь хумигдах асуудлыг энэ удаа ул суурьтай хэлэлцсэн байна. Азид, тэр дундаа тивийн зүүн бүс нутгийн хэмжээнд ийм судалгаа хийвэл үүнээс ч дор үр дүн гарахыг Г.Батбаяр судлаач онцолжээ.
Бэлтгэсэн: Н.Ган