Манай орны нийт нутгийн 10 орчим хувь нь гантай байгааг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлэв. Үүнд Баянхонгор, Өмнөговь, Увс, Говь-Алтай, Дорноговийн зарим сумын нутаг хамаарч байна. Харин нийт нутгийн 60 гаруй хувьд нь зуншлага сайн байгаа аж. Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар, Төв, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр бүхэлдээ, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх сум үүнд хамрагджээ. Харин үлдсэн 30 хувьд нь зуншлагын байдал дунджийн орчим гэсэн үнэлгээтэй байгаа гэнэ. Өнгөрсөн оны мөн үед нийт нутгийн 50 хувьд нь зуншлага сайн байжээ. Энэ жилийн тухайд хур тунадас элбэг орсонтой холбоотойгоор газрын гарц өмнөх оныхоос сайжирсан аж.
Бэлтгэсэн: М.Оч