Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас Хэнтий аймгийн ой бүхий сумдын 1754.7 мянган га ойн санд улсын төсвийн хөрөнгөөр ой зохион байгуулалтын ажил хийгдэж байна. Тус ажлын хүрээнд захиалагч тал, орон нутгийн холбогдох байгууллага, албан тушаалтан, гүйцэтгэгч талыг оролцуулсан “Ой зохион байгуулалтын техникийн нэгдүгээр зөвлөгөөн”-ийг Хэнтий аймгийн төв Чингис хотод наймдугаар сарын 7-ний өдөр зохион байгуулж, хээрийн хайгуул судалгааны ажлыг эхлүүллээ. Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр сумын 655.4 мянган га талбайд “Мөнх ногоон жодоо” ХХК, “Аглаг ой” ХХК, Баянхутаг, Батноров, Баян-Адарга, Норовлин, Биндэр, Дадал сумын 508.0 мянган га талбайд “Гранд форест” ХХК, “Залуу төгөл” ХХК, Мөрөн, Хэрлэн, Баян-Овоо, Батширээт сумын 591.3 мянган га талбайд “Хатант форест” ХХК, “Залуу төгөл” ХХК нар ой зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна. Хэнтий аймгийн ойн санд хийгдэж буй ой зохион байгуулалтын ажлын хээрийн хайгуул судалгааны ажил аравдугаар сарын 15-ны дотор, материал боловсруулалтын ажил, арванхоёрдугаар сарын 15-ны дотор гүйцэтгэж, захиалагч байгууллагад хүлээлгэн өгөх юм.