Улсын хэмжээнд энэ жил 100 мянга орчим га талбайд тосны ургамал буюу рапс тариалжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс талбайн хэмжээ нь бараг хоёр, сүүлийн 10 жилд 10 дахин өссөн дүн юм. Ямар ч таримлын талбайн хэмжээ богино хугацаанд ийнхүү олон дахин нэмэгдсэн тохиолдол өмнө нь байгаагүй. Харин дээрх бүтээгдэхүүнийг өндөр үнээр, түргэн борлуулдагтай холбоотойгоор тариалсан талбай нь ийн өсжээ. Өнгөрсөн жил тонн улаан буудайг чанараас нь шалтгаалж сая хүрэхгүй төгрөгөөр худалдан авч байсан бол шар рапсыг урд хөрш рүү тонныг нь 2.2 саяар экспортолсон аж. Энэ талаар Сэлэнгэ аймагт газар тариалан эрхлэгч нэгэн “Манай компани улаан буудай голчлон тариалдаг бөгөөд сэлгээндээ рапс тариад цөөнгүй жил боллоо. Рапс нь таримлын сэлгээ болж, хөрсийг тордоход эерэг нөлөө үзүүлдэг.
...Монгол орны тариалангийн бүс нутагт тохирсон, нутагшсан сортууд байхгүй, нэр, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг бүртгэл, хяналтгүйгээр тариалдаг, дотоодод үр үйлдвэрлэдэггүй зэргээс алсдаа ямар хор уршиг учрах талаар судалгаа, мэдээлэл алга...
Нөгөөтээгүүр, улаан буудайгаа борлуулах гэж гурилын үйлдвэрүүдэд шилүүлж, ялгуулна. Мөнгөө авахаар 10-аас дөрөвдүгээр сар хүртэл буюу бараг хагас жил хүлээх нь бий. Гэтэл шар рапсыг хятадууд ямар ч төвөг чирэгдэлгүй, тонныг нь улаан буудайнаас хоёр дахин үнэтэй худалдан авдаг. Тариаланчид бид зээлээс зээлийн хооронд үйл ажиллагаа явуулдаг учраас хэн, хамгийн ашигтай нөхцөлөөр бүтээгдэхүүн худалдан авна, түүнд хандахгүй яах вэ” гэсэн юм. Зөвхөн эдийн засгийн эргэлтийг нь тооцон рапс тарихыг илүүд үзэж буй ч урт хугацаанд хөрс, ус, байгаль орчинд ямар нөлөөтэйг нь судалсан, эсэхийг дээрх тариаланчаас лавлахад “Манайх рапсыг өнжиж тариалдаг. Хөрсөнд сөрөг нөлөө үзүүлэх, эсэх талаар судалсан зүйлгүй” гэсэн юм.
Манай улсад анх 2004 онд хятадууд рапс тарьж эхэлсэн юм байна. Тухайн үед 10 000 орчим га талбайд тариалж байсан бол өдгөө 100 000-д хүрснийг дээр дурдсан. Тариаланчдын хувьд борлуулалт сайтай, өндөр үнэтэй нь давуу тал учраас рапс тарихыг илүүд үзэх болжээ. Тариалангийн талбайн сэлгээ, хөрсний үржил шимийг хадгалахад дөхөм болдог хэмээн зөвшөөрөх тариаланч, мэргэжилтэн ч цөөнгүй байв. Тухайлбал, Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Шинэбаяр “Тонн рапс тонн улаан буудайнаас хоёр дахин үнэтэй. Гэхдээ нэг га талбайгаас 1.5 тонн орчим улаан буудай хураадаг бол 450-500 кг рапс бэлтгэдэг. Аж ахуйн нэгжүүд 100 га талбайд улаан буудай, 200 га-д рапс тарьж байж ижил орлого олно гэсэн үг. Гол нь рапс улаан буудай болон бусад тарималтай харьцуулахад борлуулахад төвөггүй, арчилгаа бага, худалдан авагчид нь бэлэн. Энэ л асуудлын учир юм. Дэлхий дахинд газар тариалангийн талбайн 30 орчим хувьд тосны ургамал тарьдаг болж. Манай орны хувьд нийт талбайн 20 хувиас хэтрүүлэхгүй гэсэн бодлогыг салбарын яамнаас баримталдаг. Гэсэн ч энэ жилийн тариалалтаас харахад 20 хувиас даваад байна. Үүнд ХХААХҮЯ-ны зохицуулалт хэрэгтэй болов уу” гэлээ.
Энэ онд улсын хэмжээнд 590 000 орчим га талбайд тариалалт хийсний 400 000 нь үр тарианд ногдсон. Үүнээс 100 000 гаруй га-д буюу нийт талбайн 25 орчим хувьд рапсын үр суулгажээ. Ийнхүү тосны ургамлын тариалангийн талбайн хэмжээ өссөөр байгаа нь ямар нөлөөтэйг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Рапс нь буудайн талбайн гол сэлгээ болдог. Бид 60 гаруй жил нэг жил буудай, дараа жил нь уринш тарих технологиор үр тариагаа тарьсаар ирсэн. Тэгвэл завсарт нь рапсыг сэлгэснээр нэгж талбайгаас авах ургацын хэмжээ 30 хүртэлх хувиар өссөн тохиолдол бий. Энэ нь таримлын төрлөө нэмэгдүүлж байгаа нэг хэлбэр төдийгүй рапсаас тариаланчид чамгүй ашиг олж буй тул буруу сонголт биш. Харин рапсыг багадаа хоёр жил өнжөөж тарих бөгөөд нийт талбайн 20 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой. Өнжөөж тарихгүй бол хөрс элэгдэнэ, талбай нь 20 хувиас хэтэрвэл стратегийн бүтээгдэхүүний ургацын хэмжээ багасна. Тиймээс яамнаас тариаланчдад чиглэл өгч буй. Рапсын талбайн хэмжээг өсгөхгүй байхаданхаарна” хэмээн ярив.
Манай улс жилд дунджаар 20 000 тонн ургамлын тос импортолдог.
Гэтэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах буюу жилд 100 000 тонн түүхий эд боловсруулж, 30 000-35 000 тонн тос бэлтгэх хүчин чадалтай “Майнд теч” компани үйл ажиллагаагаа эхлүүлээд цөөнгүй жил өнгөрсөн. Түүхий эдийн дутагдалтай учраас үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чаддаггүй. Энэ жилийн хувьд ч тус үйлдвэрийнхэн өөрсдийн талбайгаас 15 000 тонн ургац авахаар төлөвлөжээ. Нэмээд аж ахуйн нэгжүүдээс багадаа 10 000 тонн түүхий эд худалдан авч, боловсруулснаар 8000-9000 тонн тос бэлтгэхээр төлөвлөснөө “Майнд теч” компаниас дурдлаа. Тус компанийн мэргэжилтэн “Манайх бүрэн хүчин чадлынхаа 15 хүртэлх хувийг л ашиглаж ирсэн. Гол нь түүхий эд хангалттай байдаггүй. Монголд ургуулж буй рапсын 90 хувь нь шар буюу экспортын, үлдсэн нь хар. Шар рапсыг урд хөршийнхөн саван, арьс, шир, сүлжмэл, төмөрлөгийн үйлдвэрлэл зэрэг олон салбарт ашигладаг учраас эрэлт ихтэй. Тиймээс үнэ нь өндөр тул манай тариаланчдын сонирхлыг татдаг. Уг нь хар рапсын тариалалтыг өсгөн, тосны үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос бэлтгэвэл хаана хаанаа өгөөжтэй байх сан. Тариаланчдыг бидэнд түүхий эд бэлтгээд өг гэж албадаж чадахгүй. Мөн хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалаад түүхий эд худалдан авч, боловсруулж, бэлэн бүтээгдэхүүнээ борлуулж байж тариаланчдад төлбөрөө төлнө. Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг өсгөнө, импортын хамаарлыг бууруулна гэж буй ч манайд төдийлөн дэмжлэг алга. НӨАТ-аас чөлөөлсөн нь олзуурхууштай ч урд хөршийн ченжүүдтэй өрсөлдөхүйц эргэлтийн хөрөнгөгүй. Уг нь дотоодоос түүхий эдээ бүрэн нийлүүлбэл тогтвортой ажиллан, урт хугацаанд импортыг бүрэн орлох, улмаар ургамлын тос экспортлох боломж бий” гэж ярилаа.
Рапс хөрсний үржил шимийг бууруулдаггүй, харин ч таримлын сэлгээ болдог хэмээн магтах хүн цөөнгүй аж. Гэхдээ хөрсөнд сөрөг нөлөө учруулах магадлалтайг мартаж болохгүй. Тухайлбал, Хятадын шар үрээр тарихыг урд хөршид төдийгүй олон улсад хоригложээ. Монголд ч тарих зөвшөөрөлгүй атал хятадууд, тариаланчид оруулж ирж тарьдаг аж. Ийм үрийг үнэгүй тараан, ургацыг нь худалдан авах нь элбэгшжээ. Товчхондоо, бид урд хөрш рүү рапс бэлтгэн нийлүүлэгч болсон гэсэн үг. Нөгөөтээгүүр, рапс нь иш, навч томтой буюу ногоон массыг ихээр бий болгон, үндэс нь хөрс рүүгээ 1.5-1.8 метр гүнзгий ургадаг. Энэ хэрээр хөрснөөс шим тэжээл авч, бордоо шаарддаг гэсэн үг. Тодруулбал, нэг га талбайд улаан буудай тарихад хөрснөөс азот, фосфор, калийг нийт 80 кг-ыг “сордог” гэж тооцдог бол рапс үүнээс гурав дахин илүүг “иддэг”-ийг мэргэжилтнүүд хэлэв. Рапс тарихад ус их шаарддаг, нэг талбайд хоёр жил дараалан рапс таривал хөрсний үржил шим улаан буудай тариалснаас хэд дахин буурч, элэгдэнэ гэсэн үг.
Мөн Монгол орны тариалангийн бүс нутагт тохирсон, нутагшсан сортууд байхгүй, нэр, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг бүртгэл, хяналтгүйгээр тариалдаг, дотоодод үр үйлдвэрлэдэггүй зэргээс алсдаа ямар хор уршиг учрах талаар судалгаа, мэдээлэл алга. Эдгээрийг аль байгууллага хянах нь ч тодорхойгүй байна. Тариаланчдын хувьд хурдан борлуулж, өндөр ашиг хүртэх учраас рапсын талбайн хэмжээгээ өсгөх сонирхолтой нь илт. Зарим улс орны хилийн дээс алхахад л гутлын уланд наалдсан шавар, шорооноос газрын хөрсөнд нь шингэн, ямар хохирол учруулж болохыг тооцон, нарийн шалгадаг. Гэтэл үр тарианы талбайн дөрөвний нэг буюу 25 хувьд рапс тариулж, талбайн хэмжээ нь улам бүр нэмэгдэх төлөвтэй байхад л үр, сортынх нь талаар мэдээлэлгүй, эдийн засагт өгөөжтэй, сэлгээний таримал гэсэн өнцгөөс харж сууна. Манай орны газар тариалангийн бүтээгдэхүүний үр, сортын судалгааг голчлон хийдэг, эрдэм шинжилгээний төв болох Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийнхэнд мэдээлэл, тооцоо мөн алга. Дээрх хүрээлэнгийн дэд захирал Б.Баатарцолоос рапс их хэмжээгээр тариалахын ач холбогдол, хөрсний үржил шимд сөрөг нөлөөтэй, эсэхийг тодруулахад “Хөрснөөс хэдий хэр шим тэжээл авна төдий хэмжээгээр хөрсөө тордоод байвал ямар ч ургамал тарьж болно. Рапсыг зүй зохистой тарин, сэлгээ болгоход буруудах зүйлгүй. Харин хоёр жил дараалан тарьж болохгүй. Мөн манайд рапсын үр болон алсдаа хөрсөнд хэрхэн нөлөөлөх, ямар технологи баримтлах шаардлагатай талаарх судалгаа, зөвлөмж одоогоор алга” гэв.