Үерийн дараа хөрс бохирдож, улмаар хөрсний усаар дамжин халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсдэг. Ялангуяа нийслэлд болсон үерт гэр хорооллын айл өрх өртсөн нь хог хаягдал, бие засах газрын бохироор хөрс бохирдох нөхцөлийг бий болгожээ. Тиймээс эхний ээлжинд үер болж өнгөрсөн хашаа хороо болон бусад газрын хог хаягдлыг сайтар цэвэрлээд, нэгдсэн хог хаягдал цуглуулах цэг дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Дараа нь төвлөрүүлсэн хог хаягдлыг тусгай зөвшөөрөл бүхий тээврийн компани ачиж, зориулалтын хог хаягдлын цэгт хаях ёстой байдаг байна. Мөн хашаа хороогоо цэвэрлэх, сэргээн босголтын ажилд оролцож буй иргэд халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд зайлшгүй хамгаалалтын хувцас хэрэгсэл, бээлий, маск зэргийг өмсөхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Үүнээс гадна хамгийн гол анхаарах асуудал нь ундны ус юм. Найдвартай эх үүсвэрээс буюу Ус сувгийн удирдах газрын харьяа ундны усны худгаас усаа авч хэрэглэх. Ингэхдээ усыг түүхийгээр уухгүй заавал буцалгаж хэрэглэнэ. Хүнсний болон ус хадгалах саваа зориулалтын ариутгалын бодис, эсвэл соданы уусмалаар халдваргүйжүүлэх шаардлагатай байдаг байна.
Харин бие засах газрын эхлээд гар доорх бодисууд болох белизнаг 10 литр усанд 600 мл-ийг хийж уусмал үүсгээд, 1мкв тутамд 1,5литр хэмжээгээр нүхэн жорлон болон бохир усны цооногийн нүх зэргийн ойр орчмын хөрсөнд шингээж халдваргүйжүүлнэ. Хэрэв хуурай хэлбэрээр (гипохлорит кальци) байвал 10 литр усанд 125 мл хуурай бодисоо хийгээд уусмал бэлдэж хэрэглэх юм. Мөн улсын бүртгэлд бүртгэгдсэн жавелион бодисыг ашиглаж болно. Жавелионыг 10 литр усанд 4 ширхэгийг хийж найруулна. Иргэн бүр болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалж, гараа бохирдсон үед савантай усаар угааж, бусад халдваргүйжүүлэх бэлдмэлийг хэрэглэж заншаарай.