Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын газар чөлөөлөлт 95 хувьтай байгаа юм. Тус байршилд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг холбогдох албаныхны хамт ажиллалаа.
Авто зам, замын байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 13 байршилд авто зам, замын байгууламжуудыг өргөтгөн, шинэчлэх ажил хийж байгаа. Улаанбаатар хотын хэвтээ чиглэлд зургаан эгнээ замыг ирэх оны зургаадугаар сард ашиглалтад оруулна. Энэ жил шороо, далан овоолгын ажлыг 70 хувьтай хийж дуусгах ёстой. Хучилтын ажлыг ирэх онд хийж дуусгахаар төлөвлөж байна. Газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш буюу нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Нийт 356 нэгж талбар өртөж байгаагаас одоогийн байдлаар 34 нэгж талбар үлдээд байна. Тодруулбал, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг хэрнээ хувь хүний нэр дээр байдаг газрын зургаан иргэнтэй ойлголцож чадахгүй байгаа. Тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжилдэг. Үүнээс болж тус замын ажил саатсан. Энэ зам хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай гол холбоос үндсэн зам болж байгаа. 13 байршилд авто зам, замын байгууламжийг өргөтгөн, шинэчилснээр замын сүлжээ 17.8 хувиар нэмэгдэнэ хэмээн албаныхан мэдээллээ.
Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй 13 байршлын замын ажил 2023 онд 70 хувьтай хэрэгжиж, 2024 онд бүрэн дуусна.