Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр Дэлхий нийтэд байгаль орчин, экосистем, газрын доройтол нэмэгдэж, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй улс орнуудад хэт халалт, хуурайшилт, үер, далайн хар салхи, ган, зуд, усны нөөцийн хомсдол, цөлжилт зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолдох давтамж нэмэгдэж, хүний амьдрах аюулгүй орчин, эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт хохирол учруулж байна. Иймд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг дөрөв дэх удаагийн “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба Технологи 2023” (EST-2023) олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг наймдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилнэ.
Тус олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд ОХУ, БНХАУ, Япон, Норвег, Канад, Герман, Солонгос зэрэг 10 гаруй улсаас 80 гаруй эрдэмтэн, судлаачид, Монгол Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ШУА-ийн эрдэм шинжилгээний хүрээлэн, хувийн хэвшлийн нийт 110 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна. Хуралд хоёр өдрийн турш нийт 118 итгэл хэлэлцэгдэх бөгөөд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлийн гадаадын болон дотоодын эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагч нар харилцан туршлага, мэдлэг, мэдээлэл солилцох юм.
“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” (EST-2023) олон улсын бага хурал нь дараах үндсэн 3 чиглэл, сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Үүнд: Нэгдүгээрт, “Хүрээлэн буй орчинд тулгамдаж буй бэрхшээл болон уур амьсгалын өөрчлөлт”, Хоёрдугаарт, “Бүс нутгийн хөгжил ба Хүрээлэн буй орчны бодлого”, Гуравдугаарт, “Хүрээлэн буй орчны технологи ба Инновац” гэсэн сэдвүүдийн хүрээнд эрдэм шинжилгээний илтгэл, үр дүнг хэлэлцэнэ.