Хуш модны самрыг Улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс ахуйн зориулалтаар ашиглах тохиолдолд тухайн жилд тогтоосон нийт нөөцийн 40 хүртэл хувь, бусад ойгоос ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тохиолдолд 60 хүртэл хувиар бэлтгэдэг байна. Харин шинжилгээ судалгааны зориулалтаар 10 кг, ахуйн зориулалтаар 50 кг, үйлдвэрлэлийн зориулалтаар нийт нөөцийн 60 хүртэл хувийг ашиглаж болно. Самрыг ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 30 хүртэл хоногийн хугацаатай олгодог.
Манай орны ойн сангийн байгалийн ойн талбайн 5.17 хувийг хушин ой эзлэх бөгөөд 10 аймгийн 63 сум, Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн санд тархан ургадаг. Хуш модны самрыг аравдугаар сарын 20-с дараа оны хоёрдугаар сарын 1-ний хооронд дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөцийн дээд хэмжээг тогтоож тухайн оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор шийдвэр гаргадаг байна.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүй бэлтгэх, зохих зөвшөөрөлтэй боловч түүж бэлтгэх хугацаанаас өмнө эсвэл зөвшөөрөлд заасан хэмжээ, хугацаанаас хэтрүүлж түүж бэлтгэсэн тохиолдолд зөрчил үүсэхийн Ойн газраас анхаарууллаа. Ойн дагалт баялгийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар хамгаалах, ашиглах эрх бүхий мэргэжлийн байгууллага, ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж бэлтгэдэг байна. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга гэрээ байгуулдаг.