Цаг уур орчны шинжилгээний газар болон БНСУ-ын Цаг уурын газартай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад цаг уурын ажиглалтын мэдээллийн нэгдсэн систем суурилуулах нь” төсөл үргэлжилж байна. Энэ хүрээнд 2017-2019 онд Төв, Булган, Архангай аймгуудад суурилуулсан цаг уурын 32 автомат станцад шинэчлэл хийх, мөн шинээр Улаанбаатар хот болон Өвөрхангай, Дундговь аймгуудад 20 автомат станц, Арвайхээрт аэрологийн станц суурилуулж, цаг агаарын ажиглалтын шуурхай мэдээ боловсруулах нэгдсэн систем байгуулах юм.
БНСУ-ын мэргэжилтнүүд наймдугаар сарын 7-11-ний өдрүүдэд төслийн хэрэгжилтийн нарийвчилсан төлөвлөгөө гаргах, шинээр суурилуулах цаг уурын автомат станцын тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүдийг тохирох, автомат станцыг суурилуулахад шаардлагатай хүн хүч, эдийн засгийн тооцоо, дэд бүтцийн (цахилгаан, интернэтийн сүлжээ) судалгаа хийхээр тус газрын удирдлага, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.