ШУА-ны Палеонтологийн хүрээлэнгээс санаачлан Монголд анх удаа шинжлэх ухаан, танин мэдэхүйн хөтөлбөрт үндэсний урлаг болон орчин үеийн хөгжим, визуаль урлагийн наадам "Динозавр фестиваль" зохион байгууллаа. Тус арга хэмжээ долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган сумын нутаг, Баянзагийн олдворт газарт болсон юм. Дэлхийн хэмжээнд үнэлэгддэг Монголын палеонтологийн хайгуул судалгааны ололт амжилтууд, Монгол нутгаас олдсон хосгүй гайхамшигт олдворуудыг олон нийтэд дэлгэн үзүүлжээ. Ингэснээр шинжлэх ухаан, танин мэдэхүйн аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх, энэ төрлийг сонирхох жуулчдыг татах, "бренд" бүтээх бүрэн боломжтой юм.
Тэртээ 100 жилийн өмнө дэлхийн палеонтологийн судалгаанд хувьсал хийсэн гайхамшигт олдворууд олдсон тус газарт хоёр өдрийн турш хамтдаа үлэг гүрвэлийн ертөнцөөр шинжлэх ухаан сонирхогч нийт зочид, үзэгчид, наадамчд зочилжээ. Ирэх 2024 онд "Динозавр фестиваль 2024" дахин зохион байгуулагдана.