Их нууруудын хотгор дахь хамгийн цэнгэг устайд тооцогддог Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутагт өнгөрсөн сарын дундуур аянга бууснаас их хэмжээний зэгс шатсан билээ. Энэ нь дэлхийд өндөр ач холбогдолтой 200 экосистемийн нэгт тооцогддог, борцгор хотонгоос эхлээд олон зүйлийн нүүдлийн шувуу өсөж үржих таатай орчин болдог газар учраас байгаль орчны салбарын судлаач, мэргэжилтнүүд нуурыг хамгаалагч зэгс шатаж, устсанд ихээхэн харамсаж байв. Улмаар тухайн бүс нутгийг хариуцсан хамгаалалтын захиргааныхан орон нутгийн хууль, хяналтын байгууллагынхантай хамтран хохирлын хэмжээг тогтоох үнэлгээ хийхээр ажиллаж байгааг БОАЖЯ-наас мэдээлсэн юм. Үүний үр дүнг тус хамгаалалтын захиргааны дарга Б.Ганзоригоос тодруулахад
“Агваш арлын орчимд гарсан зэгсний түймэрт 2110 га газар өртсөнийг шалгалтаар тогтоосон. Байгалийн үзэгдлээс үүдэлтэй ийм явдал болсон учир холбогдох байгууллагынхан хэргийг шалгаад, хаасан. Хүн, техник хүрэх боломжгүй газарт дэгдсэн түймэр учраас хязгаарлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломж байгаагүй. Азаар энэ түймэрт хүн, мал өртөөгүй. Нөхөн сэргээх арга хэмжээ авах ч боломжгүй. Байгалийнхаа аясаар сэргэн ургах таатай нөхцөл бүрдүүлэхэд л анхаарна. Сүүлийн үед цаг агаарын болзошгүй аюул эрсдэл их тохиож буй тул хамгаалалтын захиргааныхан тогтмол эргүүл хийж, бэлэн байдалд ажиллаж байна” гэв.
Бэлтгэсэн: Н.Мишээл