Улсын хэмжээнд энэ жил 100 000 орчим га талбайд тосны ургамал тариалсан бөгөөд үүний 90 хувь нь шар рапс буюу экспортын бүтээгдэхүүн, үлдсэн нь хар буюу тосны түүхий эд гэдгийг Монголын тариаланчдын үндэсний холбооноос мэдээллээ. Тэгвэл өнгөрсөн онд манай улс 57 мянга гаруй га-д тосны ургамал тарьсан юм байна. Ийнхүү уг бүтээгдэхүүнийгтариалсанталбайн хэмжээ жилд бараг хоёр дахин нэмэгдсэн нь түүхий эдийн үнэ өндөр, борлуулахад саадгүй байгаатай холбоотойг дээрх холбооны ерөнхийлөгч Ц.Ренчинсэнгээ дурдлаа. Тэрбээр “Өнгөрсөн жил улаан буудай тонн нь сая хүрэхгүй төгрөг, тосны ургамал 2.2 сая гаруйгаар үнэлэгдэж байв. Мөн рапс нь таримлын сэлгээ болж, урд хөршийнхөн шуурхай худалдан авдаг нь тариаланчдын сонирхлыг татаж байна. Цаашид хүнсний голлох таримлын үнэ цэнийг өсгөвөл тариалалт дээрх байдлаар нэмэгдэх нь” хэмээв.
Ургамлын тосны үндэсний үйлдвэрлэгч “Майнд теч” компани жилд 100 000 тонн түүхий эд боловсруулах хүчин чадалтай ч үүнийхээ 20 орчим хувийг ашигладаг аж. Энэ жилийн хувьд тус компани 25 000 орчим га талбайд рапс тариалсан бөгөөд 15 000 тонн ургац хураахаар төлөвлөжээ. Тиймээс түүхий эдийн хэмжээгээ өсгөх, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж хар рапсын үрийн хангамж, үржүүлгийн талаар мэдээлэл солилцох, үйлдвэрээ танилцуулах өдөрлөгийг энэ сарын 16-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд зохион байгуулах аж. Ташрамд дурдахад, энэ онд улсын хэмжээнд 597 000 гаруй га талбайд тариалалт хийсэн бөгөөд тариалангийн гол бүс нутагт одоогоор үерийн ноцтой байдал үүсээгүйг ХХААХҮЯ-наас мэдээллээ.