Сар хүрэхгүй хугацааны дараа хичээлийн шинэ жил эхэлж, замын түгжрэл ихэснэ. Үүнтэй холбоотойгоор “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн шуурхай хуралдааны үеэр танилцуулсан байна. Тус төвийн захирал С.Адъяасүрэн “Бүртгэлийн камерт өнгөрсөн долоо хоногт хамгийн цөөндөө 336 000 гаруй, ихдээ 478 000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэгдлээ. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж эхэлж байна. Ачаалал ихтэй гудамж, замуудын байршлыг гаргаж, түгжрэлийн уртыг тооцсон. Түгжрэлд нөлөөлдөг 8-9 цэг нийслэлд байна. Үүнийг үе шаттай шийдвэрлэвэл үр дүнд хүрнэ. Мөн зарим замд нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалт хийснээр хөдөлгөөний эрчим сайжирсан” гэлээ. Олон улсад ашигладаг аргачлалын дагуу тус төвийнхөн Улаанбаатар хотын төвлөрлийн бүсийн авто замын 54 уулзварын нөхцөл байдлыг тодорхойлсон аж. Ингэснээр давхар түвшнээр зохицуулах шаардлагатай 26, тойрог замаар шийдэх 23, гэрлэн дохиогоор зохицуулах гурав, зохицуулалт шаардлагагүй хоёр уулзвар байгааг тогтоосон гэнэ. Мөн замын түгжрэлийг шийдэх гарц нь их багтаамжийн нийтийн тээврийг олшруулах гэдгийг тодотгожээ.