Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас тус хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулжээ. “Шинэ Хархорум нь соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байна” гэж үзэл баримтлалд тусгасан аж. Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах эл хотыг ойролцоогоор 500 000 хүн амтай байхаар төлөвлөжээ. Мөн суурьшлын бүсийн 50 хувьд нь ногоон байгууламж бий болгохоор тооцсон гэнэ. Үүнээс гадна гадаргын болон саарал ус ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах дэд бүтцийг хөгжүүлсэн, эдийн засгийн хувьд бие даасан, орчин үеийн ухаалаг хот байгуулахаар үзэл баримтлалд тусгасан гэнэ. Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас энэ онд багтаан инженергеологи, гидрогеологийн нарийвчилсан судалгаа хийж, байр зүйн зураглалыг боловсруулахаар төлөвлөжээ. Цаашид Хархорум хотын байршлыг улсын тусгай хэрэгцээнд авах, улмаар техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нарийвчилсан зураг төсөл боловсруулах зэрэг ажлыг шат дараатай хэрэгжүүлэх аж. Ташрамд дурдахад, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан. Уг зарлигийн хүрээнд Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг өнгөрсөн гуравдугаар сард байгуулсан юм байна.