Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 18 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл хангаж, төлөвлөсөн ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 25 байгууллага 658 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хэрэгжилт 65 хувьтай байна.
Төр, хувийн хэвшлийн халаалтын зуух, барилга байгууламжийг төвлөрсөн дулаан, цахилгаан, хий болон бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын 16 зуух, тусгай зөвшөөрөлгүй уур үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын 10 зуухыг цахилгаан болон хийн халаалтад шилжүүлжээ.
Сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэлтэд тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Өдгөө 25 агуулахад 50 мянган тонн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлээд байна. Мөн авто зам, замын байгууламж, гүүрэн болон нүхэн гарц, хайс, хашлагын цэвэрлэгээ, үйлчилгээ, засвар арчлалтын ажлыг тогтмол хийж, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг даалгасан. Энэ хүрээнд 4511 метр урт хайс засварлаж, 500 гаруй тэмдэг засварлан, шинээр суурилуулжээ.
Даншиг наадамд гаднаас 56 бөх, 50 гаруй эрдэмтэн оролцоно
“Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх:
-Наймдугаар сарын 5, 6-нд Хүй 7 худагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоос 56 бөх, 17 уран бүтээлч, есөн орны монгол судлаач 50 гаруй эрдэмтэн ирэхээр болсон. Мөн үндэсний 256 бөхийн барилдаан, буриад болон өвөрмонгол бөхийн төрлөөр тус бүр 64 бөхийн барилдаан болно. Түүнчлэн жороо, хязаалан, их насны морьдын уралдаан, морьт харваа, сээр цохих, шагайн харваа, үндэсний сур харвааны тэмцээн, “Хүрээ цам ба майдар” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол үндэсний идээний үзэсгэлэн, “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал болох юм. Тэрчлэн цам харайх ёслол, лам нарын дунд ном хаялцах, балин урлалын тэмцээн болохоос гадна монгол хувцасны загварын үзүүлбэр, урлаг, соёлын тоглолт, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн гэлээ.