Зам, тээврийн салбарын статистикийг энэ оны эхний хагас жилийн байдлаар гаргаснаа салбарын яамнаас өчигдөр танилцууллаа. Агаарын тээврээр дээрх хугацаанд 708 350 зорчигч тээвэрлэсэн нь 2022 оны мөн үеийнхээс 384 880-ар өссөн дүн аж. Түүнчлэн эхний хагас жилд агаарын тээврийн 8020 нислэг гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2405 буюу 42 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Үүнээс олон улсын нислэг 3905-ыг гүйцэтгэсэн нь 2022 оныхоос 55.5, орон нутгийн 4115 нислэг гүйцэтгэсэн нь 5.8 хувиар илүү дүн болжээ.
Тэгвэл энэ оны эхний хагас жилд авто тээврээр 29.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс гурав дахин өссөн үзүүлэлт юм. Авто тээврийн ачааны импортын бүтээгдэхүүний 47 хувийг Гашуунсухайт, 41-ийг нь Замын-Үүд, таван хувийг нь Алтанбулагийн боомтоор нэвтрүүлсэн байна. Харин экспортын бүтээгдэхүүний 55 хувийг Гашуунсухайт, 24-ийг нь Шивээхүрэн, есийг нь Ханги, тавыг нь Булган, долоог нь бусад боомтоор нэвтрүүлсэн гэнэ. Мөн өнгөрсөн 1-6 дугаар сард авто тээврээр давхардсан тоогоор 68.37 сая хүн тээвэрлэсэн нь 2022 оны мөн үеийнхээс 0.9 саяар нэмэгдсэн дүн болов.
Төмөр замаар 2023 оны эхний хагас жилд 15.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 24.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнээс дотоодын ачаа зургаан сая тонн буюу 37.8, экспортынх 5.72 сая буюу 36.1, импортынх 1.71 сая тонн буюу 10.8, дамжин өнгөрүүлсөн ачаа 2.42 сая тонн буюу 15.3 хувийг нь эзэлжээ. Ташрамд дурдахад, бүх төрлийн тээврээр дээрх хугацаанд давхардсан тоогоор 69.9 сая хүн зорчсон байна. Энэ нь 2022 оныхоос 1.5 саяар нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Мөн бүх төрлийн тээврээр өнгөрсөн хагас жилд 45.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 23.9 сая тонноор (109 хувь) илүү гэсэн үг. Бүх төрлийн тээврийн орлого эл хугацаанд 1.52 их наяд төгрөг болж, өмнөх жилийнхээсээ хоёр дахин нэмэгдсэнийг ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газраас дурдав.
Бэлтгэсэн: Б.Сонор