Нийслэлд зун бүр зам засаж байна хэмээн энд тэнд ундуй сундуй байдал үүсгэдэг. Ингэж замын хөдөлгөөн хааж, түгжрэл нэмэх ёстой юу гэдгийг хотын удирдлагуудаас асууя. Дахин хэлэхэд зун бүр шүү. Сүүлдээ жил бүр зам засварт хөрөнгө төсөвлүүлэх сонирхол хэн нэгэнд, эсвэл хэсэг бүлэг хүнд байна уу гэж бодоход хүрч буй юм. Энэ асуултыг нийслэлийн Замын хөгжлийн газрынханд тавихад, хариулсан мэргэжилтэн нь гайхсан шинжтэй “Төлөвлөсний дагуу засаж байгаа шүү дээ” гэв.
Тэгвэл өдгөө хаана зам засаж буй талаар зах зухаас нь мэдээлье. Хамгийн сүүлд засаад, нээсэн нь Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр дэх “Зоос гоёл”-оос Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх зам юм. Энд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшнийг тааруулах, асфальт бетон хучилтын ажил хийжээ. Одоо ид засаж байгаа зам нь Зайсангийн тойрууд байна. Үүнийг энэ сарын 15-нд нээхээр төлөвлөсөн ч хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар 24 цагаар ажиллаж буй хэмээн нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлсэн. Мөн Ханын материалын чиглэлд зам засаж байгаа.
Үүнээс гадна нийслэлийн Геодез, усны барилга байгууламжийн газраас Замын хөгжлийн газрынхантай зөвшилцсөний үндсэн дээр хэд хэдэн цэгт дулааны магистраль шугам солих, борооны ус зайлуулагч хийх ажлыг гүйцэтгэж буй. Тухайлбал, Хан-Уул дүүргийн III хороо, “Алтай” хотхоны зам дагуу авто замын борооны ус зайлуулах 437 метр шугам угсарчээ. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хо роо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам угсарч, цаашид ус тогтохгүй байх нөхцөлийг бүр д үүл лээ гэж мэдээлсэн. Сүхбаатар дүүргийн I хороонд буюу Багшийн хөгжлийн ордны урд талын туслах зам дагуух борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийсэн байна. Замын хөгжлийн газраас хийсэн бас нэгэн нэмэлт ажил бий. Энэ нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Чингүнжавын гудамжны, олны мэдэхээр 25 дугаар эмийн сангийн уулзвараас “Өргөө” кинотеатр хүртэлх, үерт урссан авто замын хучилтыг засварлах ажил юм. Энэ замыг жил бүр ахиухан бороо орох бүрт засалгүйгээр нэгмөсөн чанартайгаар хийж болохгүй юу. Энэ асуултад дээр дурдсан хоёр нэгжийн аль нь ч биш, нийслэлийн Авто замын барилга байгууламжийн төлөвлөлтийн хэлтсийнхэн хариулах ёстой гэнэ. Ямар нэгэн ажил хийж, зам, шугам сүлжээ засаж буй нэрээр ундуйлж, сундуйлсан бол гоныг асууж сураглах аваас овоолсон шороо бүрийг өөр өөр газар хариуцах шинжтэй. Эндээс ямар дүгнэлт гаргахаар байна вэ гэхээр нийслэлийн зам засвар, арчлалт, элдэв шугам солих ажилд эзэн буюу хариуцах, төсөв хөр өнгө тусгуулах субъект олон байдагтай холбоотой юм уу гэх хардлага төрөв. Үүнийг хоёр, гурван газар буюу нэгж хариуцдаг нь ямар учиртай вэ. Нэг томоохон газарт бүгдийг нь хариуцуулаад, төсөв хөрөнгөө эртхэн татан төвлөрүүлээд, наадмын олон хоногийн амралтыг ашиглан засаж, сайжруулж болмоор санагдах юм. Нийслэлийн зам засварын ажлыг арай л олон “толгой” хариуцаж байгаагаас л жилийн жилд “завхардаг” бус уу.