Цаашид хот төлөвлөлтдөө байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй концепцуудыг тусгаж өгөхийг ШУТИС-ийн Архитектурын салбарын эрхлэгч, доктор Г.Цовоодаваа онцолсон.
Хотоо хөгжүүлэх, төлөвлөх, шинэ шийдлийг нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчийг татан оролцуулах нь чухлыг уулзалтын үеэр тодотгож байлаа. Мөн хууль, эрх зүйг боловсронгуй болгох, одоо хэрэгжиж буй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хот төлөвлөлттэй холбоотой заалтуудыг тусгах шаардлагатай байгааг салбарынхан хэлж байв.
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Амьдарч буй хотоо төлөвлөх, хөгжүүлэхэд нэн хэрэгтэй санал бодлоо хэлж, уулзалтад хүрэлцсэн ирсэнд талархал илэрхийлье. Нийслэлийг дэлхийн бусад хотын адил хөгжүүлэхэд хууль, эрх зүй, төлөвлөлт, инновац, эдийн засгийн олон чухал ажлыг хийх хэрэгтэй байна. Цаашид хот төлөвлөлтөд мэргэжлийн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, холбоод, хувийн хэвшлийн байгууллагуудын санал, санаачилгыг тусгаж, хамтран ажиллахад хэзээд нээлттэй байх болно” хэмээв.