Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, үнэт цаас гаргахтай холбогдуулан 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай, мөн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар танилцууллаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан юм. Тус Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын хурлаар Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулаад буй. Энэ хүрээнд үнэт цаас гарган татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто зам, замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, “Сэлбэ сэргэлт” төслийн бүтээн байгуулалтын зардлыг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн.