Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн асуудлаар шүгэл үлээсэн О.Сийлэгмаа өчигдөр АТГ-т хандан, БШУЯ-ны үе үеийн сайд, зарим албан тушаалтныг шалгуулах хүсэлтээ өглөө. Тэрбээр “Би 2021 оны арваннэгдүгээр сараас БЗС-гийн Гадаад, зээл тэтгэлгийн хэлтэст олгож буй зээлийг хянах, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах үүрэгтэй ажлын байранд ажилд орсон. 2022 оны есдүгээр сар хүртэл ажиллахдаа сангийн гадаад зээл, тэтгэлэг олгох явц шударга бус, журам зөрчсөн зүйл олон гарсныг харьяалах дээд байгууллагадаа мэдэгдэж байсан. Тодруулбал, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хамтын ажиллагааны газар болон Хуулийн хэлтсийн дарга, БШУ-ы сайд, ЗГХЭГ-ын даргад ч хандсан. БЗС-гийн асуудлыг би ганцаараа сөхөөгүй цөөнгүй мэргэжилтэнтэй хамт ажиллан, булхай, хууль бус үйлдэл байгааг нь илчилсэн” хэмээв. Түүнчлэн БЗС-гаас зээл авсан иргэдийн 90 орчим хувь нь дэлхийн шилдэг 100 сургуульд сураагүй, тэргүүлэх бус мэргэжил эзэмшсэн гэдгийг тэрбээр дурдлаа. Мөн зээл авсан хүмүүс нь эргүүлж төлөхдөө хүү, алданги тооцно гэж журамд тусгасныг мөрдөхгүй байгаа нь шударга бус үйлдэл болж буй аж. Зээлийн журмын шалгуур хангаагүй хүмүүст олгосон, зээлийг эргэн төлүүлээгүйн улмаас улсад 360 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн тооцоог О.Сийлэгмаа гаргажээ. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд, алба хашиж байсан хүмүүсийн эсрэг шүгэл үлээсэн учраас өөрт нь хамгаалалт гаргаж өгөхийг АТГ-аас хүсэв.