2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын 532 дотуур байр үйл ажиллагаа явуулж буй аж. Үүнээс 10 гаруй хувь буюу 55 нь стандартын шаардлага хангадаггүй, хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаа гэнэ. Ялангуяа барилга нь хэт хуучирч муудсан, ер нь орон нутгийн болон сургуулиудын түвшинд ч сурагчдын дотуур байранд анхаарал хандуулдаггүй байна. Тухайлбал, 1950-иад оны үед барьсан дөрвөн дотуур байр бий бөгөөд тэдгээрийн хоёрт нь засвар, үйлчилгээ ойрын хугацаанд хийгээгүй аж. Мөн 1960-1969 онд барьсан 24 дотуур байр байдгаас 10-т нь засвар хийгээгүй. Үндсэндээ таван дотуур байр тутмын нэгийг нь л сүүлийн 10 жилд, бусдыг нь түүнээс өмнөх хугацаанд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд засвар, үйлчилгээнд нь төдийлөн анхаараагүй байна. Тэр дундаа дөрвөн дотуур байрны ашиглалтын хугацаа дууссан гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргасан ч өдий хүртэл сурагчдыг амьдруулсаар буйг Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн судалгаагаар тогтоожээ. Нийт дотуур байрны дийлэнх буюу 400 гаруй нь сумын төвд байдаг. Улсын хэмжээнд дотуур байранд 32 000 гаруй сурагч амьдарч буйн 80 орчимхувь нь малчин өрхийн хүүхэд юм байна. Үүнээс гадна дотуур байрны нэг өрөөнд стандартад зааснаас олон сурагч амьдруулдаг, нэг айлын хоёр хүүхдийг хамт унтуулдаг зэрэг зөрчил түгээмэл гарсаар буй гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч