АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өчигдөр “Нүүрсний” гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар болон сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаж буй Боловсролын зээлийн сангийн зээл олголт, эргэн төлөлттэй холбоотой мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. “Нүүрсний” гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгаж буй өнгөрсөн зургаан сарын хугацаанд 75 холбогдогчтой найман хэргийг шүүхэд шилжүүлснээс 18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэжээ. Өдгөө 24 яллагдагчид холбогдох нэг хэргийг шүүх хянаж байгаа бол 33 хүнтэй холбоотой таван хэргийг прокурор хянаж буй юм. Тодруулбал, УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан эрх мэдэл, албан тушаалаа урвуулж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэргийг НПГ-т хянаж буй. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Б.Ганхуяг нартай холбоотой хэргийг прокурорууд хянаж эхэлснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрөөд байна. Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг шалгах явцад долоон тэрбум төгрөгөөр үнэлэгдэх, спорт цогцолборын зориулалттай үл хөдлөх хөрөнгийнх нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан юм. Түүнчлэн “Тавантолгой төмөр зам” ХК-ийн албан тушаалтны 5.3 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийг ч битүүмжилсэн аж.
“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд нэгтгэн шалгасан, Өмнөговь аймгийн Засаг дарга асан, өдгөө ИТХ-ын даргаар ажиллаж буй Б.Бадраа, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар нь эл сумын нутагт нүүрс ачиж, буулгах гаалийн хяналтын талбайн зориулалтаар газар хүссэн компаниудад давуу байдал бий болгосон хэргийн мөрдөн байцаалт дуусаад байгаа билээ. Уг нь Б.Бадраагийн албан тушаалыг түдгэлзүүлэх саналыг прокурорууд нь Ханбогд сумын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч шүүгч нар нь танил тал, ойр дотно холбоотой байж болзошгүй учраас хүлээж аваагүй юм.
Дээрх албан тушаалтнуудаас гадна УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, “Мишээл групп”-ийг үүсгэн байгуулагч Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг прокурорт хянуулахаар өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Тэдний өмгөөлөгч нар нь УЕПГ-т гомдол гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх мэдээлэл бий.
“Нүүрсний” гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 124 иргэн, албан тушаалтанд хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд 81 нь нийтийн албан тушаалтан аж. Тэдний дунд УИХ-ын гишүүн долоо, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн сайд, ЗТХЯ-ны ТНБДасан, аймгийн ИТХ-ын дарга, аймаг, сумын Засаг дарга гурав, УИХ-ын гишүүний зөвлөх, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Тавантолгой түлш”, “Тавантолгой төмөр зам” компанийнхан багтаж байгаа билээ. Яллагдагчаар татагдсан 124 иргэнээс 20-д нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаснаас одоо гурван хүн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулагдсаар байна. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, тус компанийн борлуулалтын ахлах ажилтан байсан Булган, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн албан тушаалтан асан Мөнхбаяр нарыг үргэлжлүүлэн хорьсоор байгаа юм. “Нүүрсний” гэх хэрэгт холбоотойгоор Ерөнхийлөгч асан Х.Баттулга ч нэлээд хугацааны өмнө тайлбар мэдүүлэг өгчээ.