БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авсан бүх хүний гэрээг ил болгоно” гэж өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдэгдэж байсан бол Боловсролын зээлийн сангийн дарга Б.Гарди маргааш нь “1992 оноос хойш зээл авсан 2100 хүний материал алга болсон. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс устгасан” хэмээн мэдээлэв. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан үүний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Боловсролын зээлийн санд ажиллаж байгаад ёс зүйн зөрчлийн улмаас халагдсан О.Сийлэгмаа компьюьтерт байсан мэдээллийг хуулж аваад устгачихсан юм билээ. Энэ хэргийг шалгуулахаар цагдаад хандсан ч хэрэгсэхгүй болгосон. Зээлийн сан дахь мэдээлэл устсан ч яамны архивт хадгалагдаж байгаа” гэсэн юм.
Мөн тэрбээр Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар өмнө нь мэдээлэл хийсэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдалыг хариуцлагатай албан тушаал хашиж буй хүмүүсийн нэр төрд санаатайгаар халдах зорилгоор илт улстөржсөн, ташаа мэдээлэл түгээсэн гэж ярилаа. Түүнчлэн “Өнгөрсөн хугацаанд Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг, тусламж авсан хүмүүсийн 90 хувь нь эрх мэдэл, албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд гэдэг нь үндэслэлгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүнд холбогдох 27 тэрбум төгрөгийн асуудал яригдаж буй. Үе үеийн сайд нар олон хүний зээлийг хууль бусаар чөлөөлсөн гэдэг нь ташаа. Тийм боломжгүй. Гэрээний үүргээ биелүүлсэн хүмүүсийн зээлийг л холбогдох хууль, журмын хүрээнд тэглэдэг. Зээл олгохдоо барьцаа хөрөнгө шаарддаг. Одоогийн байдлаар Боловсролын зээлийн санд 123.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий нийт 1244 барьцаа хөрөнгө бий. Зээл, тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ил болгосноос хойш суралцагчид 248 мянган ам.долларын өрөө төлсөн. Гадаадад суралцагчдын нэгдсэн мэдээллийн санг долдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулна” гэж мэдээлэв.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн эхнэр болон төрсөн дүү нь Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадад сурсан нь ил болоод буй. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид түүнээс энэ талаар тодруулахад “Миний дүү 2004 онд зээл авч, ОХУ-ын цагдаагийн академид суралцсан м билээ. Би тухайн үед бизнес эрхлэгч байсан” гэв. Түүнчлэн “Эхнэр маань 2005 онд Австралид сурсан нь үнэн. Монголдоо ирээд багшилж, үүргээ биелүүлсэн нь ч үнэн. Гэхдээ төлөх нь зөв” хэмээн цахим хуудсандаа бичжээ. Ташрамд дурдахад, Боловсролын зээлийн сангийн архив дахь зарим баримтыг санаатайгаар устгасан гэх хэргийг хуулийн байгууллагынхан Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу шалгаж эхлээд байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл