Автомашинаар хүүхдийг аюулгүй тээвэрлэж байгаа, эсэх, үүнд эцэг, эх, асран хамгаалагчид хэрхэн анхаардаг талаарх судалгааг Тээврийн цагдаагийн албаныхан хийжээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 2-14-нд уг судалгааг хийсэн бөгөөд бүх бүс нутгийг хамруулж, 18-70 насны иргэдээс 3250-ийг түүвэрлэн хамруулсан байна. Оролцогчдын 66 хувь буюу 1730 эцэг, эх, асран хамгаалагч хүүхдээ автомашинаар тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцдог гэжээ. Харамсалтай нь, тэдний дийлэнх нь замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдийг аюулгүй тээвэрлэх талаар мэдлэг, ойлголтгүй байжээ. Авто тээврийн хэрэгсэл нь хүүхдэд биш, насанд хүрсэн хүмүүст зориулан бүтээгдсэн учраас суудал нь хүүхдэд томдсоноор найдвартай хамгаалах боломжгүй юм. Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдийнхээ биеийн хэмжээнд тохирсон суудал, бүсийг хэрэглэж сурах шаардлагатай. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар таваас доош насны хүүхдийг урд суудалд суулгахгүй байх, суудлын бүс хэрэглэх заалтыг байнга баримтлах нь чухал ажээ. Тээврийн хэрэгслээр зорчихдоо үргэлж баруун гар талын хаалгаар буюу хөдөлгөөнгүй талаар бууж, сууж сургахыг, машины ард талаар нь тойрч анхаарал, болгоомжтой явахыг хүүхдэдээ зааж, хэвшүүлээрэй.