Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж Ш.Идэрбаясгаланг Хөвсгөл, Д.Түвшинжаргалыг Завхан аймгийн Засаг даргын албан тушаалаас огцрууллаа. Эдгээр аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд тэдний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нарт даалгав. Тус хуралдаанд яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулсан бөгөөд дээрх аймгууд хангалтгүй үнэлгээ авчээ. Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.5, 65.1.3, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 24.4 дэх заалтыг үндэслэн арга хэмжээ авсан нь энэ аж.
Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Тэрбээр нэг сар гаруйн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байсан юм.
Бэлтгэсэн: Б.Уран