Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ сарын 17-нд нийт 1797 дуудлага иржээ. Нийт дуудлагын 1420 зөрчлийн шинжтэй, 104 гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл байсан аж.
Тухайлбал, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 72 гарсан бол, хулгайн хэрэг 20, хүний биед халдах хэрэг 86 гарсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 жолоочийг илрүүлж, 103 хүнийг эрүүлжүүлжээ.
Иргэд ихэвчлэн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт хүчирхийллийн мэдээлэл өгдөг. Үүнээс гадна 107 тусгай дугаарт холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авах, дуудлага өгөх боломжтой. Мэдээлэгчийн нууцыг хуулийн дагуу чандлан хадгална. Мөн хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, утсаар ярих боломжгүй тохиолдолд 102 дугаар руу ямар ч үнэ төлбөргүй мессеж илгээж болох гэнэ.