Хөгжлийн банкийг дампуурах эрсдэлээс аварсан хэмээн магтуулж буй захирал асан Н.Мандуулын хууль зөрчсөн томилгоог холбогдох байгууллагууд нь шалгаж тогтоожээ. Улмаар тус банкны ТУЗ-д хандан “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” гэсэн албан бичиг ч хүргүүлсэн байна. Гэвч хуулийн хэрэгжилт хангагдсангүй, хариуцсан албан тушаалтан нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд өөр газрын даргаар томилогдчихов.
Түүгээр ч зогсохгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасан. Гэтэл Хөгжлийн банкны ТУЗ-ийн 62 дугаар тогтоол гаргахдаа АТГ-ын 2022 оны 05/15882 дугаар албан бичгийг үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байгааг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын албан бичигт дурджээ.
Хөгжлийн банкны захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Мандуул 2022 оны арваннэгдүгээр сарын 25-нд Б/160 дугаартай тушаал гаргаж, жирэмсний амралттай байсан, Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргаар ажиллаж байсан С.Мөрөнг Захиргаа удирдлагын газрын даргын албан үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр томилжээ. УИХ-ын Хуульзүйн байнгын хороо, ЗГХЭГ-ынхан энэ томилгоо хуульд нийцэж буй, эсэхийг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрынхнаар шалгуулсан аж. Уг шалгалтаар Н.Мандуулын гаргасан дээрх тушаал нь Хөгжлийн банкны тухай хуулийн 21.3-ын “Гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газрын захирлуудыг энэ хуулийн 20.1.4-т заасан журмын дагуу олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж, чөлөөлнө” гэснийг зөрчсөнийг тогтоожээ. Мөн Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 18-нд баталсан Дүрэм шинэчлэн батлах, Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай 252 дугаар тогтоолын хавсралтын 8.9-д заасан “Банкны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг харгалзан гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, дэд захирал болон газрын захирлыг сонгон шалгаруулж томилох хүртэлх хугацаанд тэдгээрийн үүрэг гүйцэтгэгчийг хувьцаа эзэмшигчийн саналыг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөл томилж болно”, 9.4-т нь“Тэргүүн дэд захирал, дэд захирал, газрын захирлыг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21.3-т заасан журмын дагуу Төлөөлөн удирдах зөвлөл томилох бөгөөд тэдэнтэй гүйцэтгэх захирал гэрээ байгуулна” гэж заасныг ч зөрчсөн гэдгийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул хуулиа зөрчсөнөөс гадна ТУЗ-ийнхөө эрх мэдлийг ч булаан С.Мөрөн гэх эмэгтэйг албан тушаалд томилчихсон гэсэн үг.
Дараа нь дээрх Б/160 дугаар тушаалаа хуульд нийцүүлэх гэж оролдсон уу, ТУЗ-өөс нь мөнөөх С.Мөрөн гэх эмэгтэйг хоёр албан тушаал хавсран гүйцэтгүүлэх тогтоолыг 2022 оны арванхоёрдугаар сарын 22-нд баталсан байгаа юм. Гэвч ТУЗ нь энэ тушаалыг гаргахдаа гүйцэтгэх захирлын албан үүрэг гүйцэтгэгчийн Б/160 дугаар тушаалыг хүчингүй болгосон хууль ёсны албан бичиг баталсан гэх мэдээлэл байхгүй атлаа эл тушаалыг нь үндэслэн ТУЗ-ийн тогтоол гаргасан гэж бичсэн байжээ.
Түүгээр ч зогсохгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасан. Гэтэл Хөгжлийн банкны ТУЗ-ийн 62 дугаар тогтоол гаргахдаа АТГ-ын 2022 оны 05/15882 дугаар албан бичгийг үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байгааг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын албан бичигт дурджээ.
Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ Хөгжлийн банкны талаар “Цаашид тус банк нь ашигтай ажиллахгүй бол удаан үргэлжлэх боломжгүй. Хөгжлийн банк хуульд заасан банкны чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Үгүй бол урт хугацаанд ажиллана гэх баталгааг өгч чадахгүй” хэмээсэн. Хөгжлийн банкны удирдлага, ТУЗ нь хуулиа зөрчсөн томилгоог өөгшүүлж, Засгийн газрынхаа “Шүүр” ажиллагааг хэрэгжүүлэхгүй, хяналт шалгалтын мөрөөр арга хэмжээ авахгүй байгаа нь ч нөлөөлж болзошгүй шүү дээ.