ОХУ өнгөрсөн оны наймдугаар сард анх авсан Ираны Шахед-136, Мохажер-6 нисгэгчгүй онгоцыг Украины дэд бүтцийн байгууламжид халдлага үйлдэхэд ашигласан. Эхний ээлжийн 160 нисгэгчгүй онгоцны төлөө Москва Тегеранд 140 сая евро бэлнээр төлж, мөнгөө онгоцоор илгээсэн гэж Британийн телевизийн Sky News мэдээлэв.
Оросын эрх баригчид Ираны нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх үйлдвэрийг Елабуга хотод байгуулах талаар Тегерантай тохиролцох гэж байна гэж The Wall Street Journal (WSJ) хоёрдугаар сарын эхээр мэдээлж байжээ.
Урьдчилсан тохиролцооны дагуу тэнд доод тал нь 6000 нисгэгчгүй онгоц үйлдвэрлэнэ гэж байгаа ч ямар хугацаанд хийхээ тодорхой заагаагүй байна. Үүний зэрэгцээ, хэвлэлийн эх сурвалжийн мэдээлснээр, уг үйлдвэр нь Москва, Тегеран хоёрын нэг тэрбум ам.долларын гэрээний зөвхөн нэг хэсэг аж.
Иран Орост нисгэгчгүй онгоцноос гадна их бууны сум, танкийн сум зэргийг нийлүүлжээ. Зургаан сарын хугацаанд Иран ОХУ-д 300 мянга гаруй их бууны сум, олон сая сум нийлүүлсэн тухай барууны хэвлэлүүд бичиж байна.
ОХУ Иранаас нисгэгчгүй онгоц болон бусад зэвсэг худалдаж авсан гэдгээ албан ёсоор няцаасан ч Исламын Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Хоссейни Амир Абдоллахиан Украинд дайн эхлэхээс хэдхэн сарын өмнө Тегеран Москвад цөөн тооны нисгэгчгүй онгоц нийлүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.