Барилгын зураг төсөл, инженерийн шугам сүлжээний угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бьюлдингс техноложи” компани сэргээгдэх эрчим хүчээр халаалт, цахилгаанаа шийдэх амины орон сууцын шинэ технологи нэвтрүүлж эхэлснээ өчигдөр танилцууллаа. Тодруулбал, тус компани нь нарны энергиэс цахилгаан гаргах, түүгээр дулаан, усан хангамжаа шийдэх, ашиглалтын зардалгүй ногоон орон сууцыг түлхүүр хүлээлгэх нөхцөлөөр барьж байгаа аж. Одоогоор нэг айлын байшинг Улаанбаатарт барьж, хүлээлгэн өгсөн бөгөөд нарны зайн хураагуураас жилд 3760 кВт/ц цахилгааныг нэгдсэн сүлжээнд нийлүүлэх боломж бүрдүүлжээ. Энэ талаар дээрх компанийн ерөнхий захирал, дулаан хангамжийн зөвлөх инженер Н.Дорж “Манай улс жилийн 300 орчим өдөрт нарлаг байдаг, нарны эрчим хүчийг ашиглах бүрэн боломжтой орны нэг. Гэр хорооллыг дахин төлөвлөх, амины орон сууц барихад нарны энергиэр дэд бүтцийг нь шийдэх боломжтой гэсэн үг. Ерөнхийдөө нарны панелыг байшингийн дээвэрт байрлуулан, цэнэг хураах төхөөрөмжийн тусламжтайгаар тасралтгүй эрчим хүч бий болгохын зэрэгцээ илүү гарсан цахилгааныг төвийн бүсийн сүлжээнд нийлүүлнэ. Тоног төхөөрөмж нь багадаа 25 жилийн баталгаатай” гэв. Тус компанийн санал болгож буй байшингийн ам метрийг нь одоогоор дөрөв орчим сая төгрөгөөр үнэлж буй гэнэ.