БОАЖЯ-ны мэргэжилтнүүд нийслэл, орон нутагт хуш модны самар боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 35 аж ахуйн нэгжийг шалгахад 14 нь зөрчилтэй байжээ. Тодруулбал, зориулалтын бус, технологийн хэвийн горим алдагдсан нөхцөлд ажиллаж байсан, самрыг стандартын шаардлага хангахгүй орчинд хадгалсан зэрэг зөрчил нийтлэг илэрчээ. Иймд тэдгээр аж ахуйн нэгжид 20.5 сая төгрөгийн шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг яаралтай арилгах албан даалгавар хүргүүлсэн байна. Мөн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэр бүхий дөрвөн байгууллагад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн аж. Ойн дагалт баялгийг зүй бус ашиглахтай холбоотой зөрчил сүүлийн үед ихэссэнтэй уялдуулан БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хяналт шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж буй. Үүний хүрээнд салбарын сайд хуш модны самар боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг нийслэл болон ой бүхий аймгуудад эрчимжүүлэх удирдамж гаргажээ.