Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Зочлох жил” болгон зарласантай холбогдуулан агаарын тээврийн либералчлалыг тэлэх зорилтыг дэвшүүлээд буй.
Энэ зорилтын хүрээнд 2023- 2024 онд дэлхийн агаарын тээврийн гол бүсүүд рүү шууд нислэг үйлддэг болох шат дараатай ажлыг эхлүүлж, нийт 10 улс оронтой агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөөд байна.
Дээрх ажлыг эрчимжүүлж, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.04.13/ Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Ерөнхий сайдын худалдааны элч Даниел Кочинский, Элчин сайд Филип Малон тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, агаарын тээвэр болон төмөр зам, авто замын хөгжлийн чиг хандлага, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын эхэнд, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ИБУИНХУ-ын Засгийн газраас Монгол Улстай эдийн засгийн чиглэлд онцгой анхаарч Ерөнхий сайдын Худалдааны төлөөлөгчийг тусгайлан илгээж, гуравдагч хөрш болсон улсыг Монгол Улстай худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаад талархаж буйгаа илэрхийлээд, цаашид хамтын ажиллагааг тэлэх хүсэлтэй байна гэсэн юм.