Дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар) найман аймгийн 18 сумд 29 удаа түймэр гарсны улмаас 202 880 га талбай шатаж, 15 гэр, сууц, 16 хашаа, нэг автомашин галд өртжээ. Энэ сарын 8-наас хойш Увс, Дорнод, Сүхбаатар, Булган аймагт нийт есөн удаа ой, хээрийн түймэр бүртгэгдсэнийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Тус байгууллагын алба хаагчид өчигдрийн байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорнодын Халхгол сумд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байлаа.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Матадаар дамжин Халхголд тархсан түймрийг энэ сарын 10-11-нд шилжих шөнө цурамд оруулсан талаар уржигдар өглөө мэдээлсэн. Тэгвэл хүчтэй салхины нөлөөгөөр 11-ний өдөр Тамсагбулаг орчимд дахин хэд хэдэн газарт цурмаас түймэр дэгдсэн гэнэ. Гал унтраах бүлгүүд тэдгээрийг тухайн өдрийн 23.00 цагийн үедцурамд оруулж, шөнө манаж хоножээ. Халхголд дэгдсэн түймэр их хэмжээний талбай хамарсан учир аргал, адууны хомоол, өтөг бууц ихтэй газар, бүрэн унтраагүй хэсгүүдэд салхины нөлөөгөөр дахин гал гарах өндөр эрсдэлтэй байгааг албаны хүмүүс хэллээ.
Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт гарсан өнгөрсөн сарын сүүлчээр түймрийг бүрэн унтраагаагүйгээс хуучин өвөлжөөний өтөг бууц доогуураа шатаж, илт харагдахуйц хэмжээгээр уугьж эхэлснийг хамгаалалтын захиргааныхан унтраажээ.
Монгол орны нийт нутгаар хуурайшилт, түймрийн эрсдэл өндөр, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан БОАЖ-ын сайд тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад болзошгүй эрсдэлээс сэргийлэх албан даалгавар хүргүүлсэн байна.