“Туул ижий сан”, “JCI progress” төрийн бус байгууллагынхан 2019 оноос хэрэгжүүлсэн “Сая загас” төслийнхөө хүрээнд энэ жил Туул голд зэвэг загасны 300 мянган жараахай нутагшуулахаар төлөвлөжээ. Төслийнхөн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд зориудын аргаар лабораторийн орчинд үржүүлсэн 200 мянган жараахайг нутагшуулсан бол 2023 онд үүнийгээ хагас саяд хүргэх зорилт тавьсан байна. Өмнө нь Хөвсгөлийн Бүстэй, Архангайн Чулуут голоос үржлийн эх сүргээ барьж байжээ. Харин энэ удаа дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-нд гурван маршрутаар явж, зориудын аргаар үржүүлэх цөөн тооны атуу, атуух барихаар төлөвлөн бэлтгэлээ базааж буй гэнэ.
Зэвгийг цэвэр усны индикатор загас гэдэг. Тиймээс Туул голыг бохирдол, доройтлоос хамгаалах, усны бусад амьтны тоо толгойг тогтвортой байлгах зорилгоор энэхүү төслийг санаачилжээ. Загас байгальд түрсээ шахахад түүний өчүүхэн хэсэг буюу нэг хувь нь л амьдрах чадвартай байдаг аж. Харин зориудын аргаар үржүүлэхэд 60-80 хувь нь жараахай болж бойждог юм байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл