“Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөнийхөн Олон улсын эх дэлхийн өдөр дахивар авах явуулын станц ажиллуулахаар болжээ. Дөрөвдүгээр сарын 22-нд тохиодог эл тэмдэглэлт өдрөөр улс орнууд экосистем, байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалахад олон нийтийн оролцоо хэр зэрэг чухлыг сурталчилж, мэдээ, мэдээлэл түгээдэг юм. Тэгвэл дээрх хөдөлгөөнийхөн тухайн өдөр гялгар уут, хуванцрын хор хөнөөлийг таниулах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сурталчлах, хаягдлыг дахин ашиглах боломжуудын талаар мэдээлэл түгээх өдөрлөг зохион байгуулах нь. Мөн энэ үеэрээ дахин боловсруулах, ашиглах боломжтой хаягдлуудыг иргэдээс авах юм байна.
“Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөнийг санаачлагч “Хоггүй Монгол” төрийн бус байгууллагынхан 2020 оноос дахивар авах явуулын станц ажиллуулж эхэлсэн. Тэд аль нэг дүүрэг, хотхоны хэмжээнд ийм арга хэмжээ зохион байгуулж, дахин боловсруулах боломжтой хаягдал цуглуулахын зэрэгцээ иргэдийг зөв дадалтай болгох зорилгоор нөлөөллийн аян өрнүүлдэг. Тэгвэл 23 дахь удаагийн арга хэмжээгээ Хан-Уул дүүргийн III хорооны нутаг, Ажилчдын соёлын ордны автобусны буудлын талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ. Явуулын станцынхан энэ үеэр гялгар уут, ус, ундааны хуванцар сав, бүх төрлийн шил, лонх, хөнгөн цагаан лааз, цаас, хайрцаг, хаягдал эм, малын гаралтай өөх тос авах аж.