Нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай, урин дулаан цагт олноороо очдог газруудын нэг нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Гэтэл тус хүрээлэнгийн 1.1 га талбайд “KFCLAND-Аз жаргалын хотхон” гэх төсөл хэрэгжүүлэхээр болсон нь иргэдийн шүүмжлэлд өртөөд байна. Олон нийтийн өмч болох эл хүрээлэнд иргэд бизнес эрхлэх боломж хязгаарлагдмал атал том компани барилга барьж, худалдаа хийх нь, эсвэл газрыг нь зарчихсан байх гэх хардлага ч гарах болсон. Энэ талаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзулаас тодруулахад “KFC-д газар түрээсэлсэн, эсвэл худалдсан зүйл байхгүй. “KFCLAND-Аз жаргалын хотхон” төслийн нэр нь асуудал дагуулчих шиг боллоо. Ямар ч барилга, хөшөө дурсгал, худалдаа, үйлчилгээний төв барихгүй. KFC-гийн бүтээгдэхүүнч зарахгүй. Тус компани 10 жилийнхээ ойг угтаж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зөвхөн тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийж, нийслэлийн өмчид бүртгүүлэх юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га талбайн 183 га-д тохижилт, ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажил хийх ерөнхий төлөвлөгөө гарсан. Үүний хүрээнд хувийн хэвшил, олон улсын байгууллагатай 2009 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Төрийн байгууллагууд ч ерөнхий төлөвлөгөөний дагуу хамтарч ажиллах боломжтой. Тохижилт хийх ёстой 183 га талбайн 1.1 га-д хүүхдийн тоглоомын талбай, залууст зориулсан задгай театр, скэйтбордоор гулгах хэсгүүд, ахмад настан, гэр бүлтэйгээ салхилах сүүдрэвч зэргийг барихаар ажлыг нь эхлүүлчихсэн. Ирэх сарын 20-нд нээлтээ хийнэ” гэсэн хариу өглөө. Ямартай ч 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий, жилийн дөрвөн улиралд бүрэн ашиглах боломжтой хэмээн тодотгосон “KFCLAND-Аз жаргалын хотхон” төсөл ирэх тавдугаар сар гэхэд дуусах аж.