Цар тахлын улмаас уналтад орсон аялал жуулчлалын салбарыг сэргээхийн тулд улс орнууд янз бүрийн бодлого, арга хэмжээ хэрэгжүүлсээр байна. Малайз улс 2023 оныг эрүүл мэнд, эмчилгээний аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх жил болгож зарлалаа. Зүүн мнөд Азидаа энэ салбарын хөгжлөөр дээгүүрт жагсдаг Вьетнам улс жуулчдын урсгал, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд визийн журмаа сулруулахаар болов.
Үүнтэй холбоотойгоор тус улсын Олон нийтийн аюулгүй байдлын яам шинэ хуулийн төсөл өргөн бариад буй гэнэ. Хонконг өнгөрсөн сараас “Сайн уу Хонконг” аян өрнүүлж эхэлсэн бөгөөд үүнийхээ хүрээнд агаарын тээврийн компаниудыг дэмжих, тийзийн үнийг хөнгөлөх, жуулчдыг урамшуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үндсэндээ жуулчдыг татах өрсөлдөөн аялал жуулчлалын салбарт эрчимжсээр. Улсорнууд өөрийн онцлог, давуу тал, нөөц боломж, туршлагад тулгуурласан арга хэмжээнүүдийг авч эхлэв. Харин манай улсын хувьд энэ “тэмцэл”-д “Монголд зочлох жил” санаачилгаар нэгдээд байна.
Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгож хөгжүүлэх зорилтынхоо хүрээнд ийм санаачилга гаргасан. Үүний хүрээнд жуулчдын тоог 2023 онд нэг, 2024 онд 1.6 саяд, тус салбарын орлогыг 1.2-1.5 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлээд буй. Хууль, эрх зүйн орчноо шинэчлэхээс эхлээд агаарын тээврийг либералчлах, орон нутгийн нисэх буудлуудыг өргөтгөх замаар дотоод нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, казино, бооцоот морин уралдааны цогцолбор байгуулах зэрэг томоохон ажлыг үүнтэй уялдуулан ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаагаа Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Харин яг одоогийн байдлаар бол хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, олон улсын үзэсгэлэн, яармагт оролцох, “Монголд тавтай морил” гэсэн самбар энд тэнд байршуулах, элдэв сурталчилгаа, контент бүтээхээс хэтрэхгүй байна. Гэтэл бодит байдалд мөрөөдөл болоод буй тэр олон жуулчнаа хүлээж авах, тав тухтай, аюулгүй аялуулаад, сэтгэл хангалуун буцаах боломж Монголд алга. Наанадаж жуулчдыг хүссэн газарт нь хямд зардлаар, богино хугацаанд, тав тухтай тээврийн хэрэгслээр саадгүй хүргэх дэд бүтэц үгүй. Бие засах, хооллож ундлах зэрэг наад захын хэрэгцээгээ хангахад нь зориулсан цэвэрхэн, тохилог үйлчилгээний газар ч нүдний гэм. Ийм байхад агаарын тээврийн либералчлал, казино байгуулах тухай хэчнээн сайхан зүйлс яриад, хэдэн мянган ам.доллароор сурталчилгаа, контент хийгээд нэмэргүй шүү дээ. Хөрсөн дээрээ буусан, жуулчдын хэрэгцээнд нийцсэн ажил хийх нь аялагчдын урсгалыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр болно.
Манай улс өмнө нь 2003 оныг “Монголд зочлох жил” болгож зарлаж байсан түүхтэй. Дэд бүтцийн сайд Д.Жигжидээр ахлуулсан, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог тухайн үед Засгийн газрын шийдвэрээр байгуулж, хөтөлбөр, төлөвлөгөө хүртэл боловсруулсан. Одоо яригдаж буй агаарын тээврийн либералчлал, нислэгийн хүртээмж, үйлчилгээний чанар, стандарт, жуулчны тав тух, аюулгүй байдалтай холбоотой асуудлууд тэр үед ч хөндөгдөж байв. Энэ чиглэлээр олон ажил хийхээр зорьж байсан ч өмнөд хөршид САРС дэгдсэнээр бүх төлөвлөгөө нь замхарсан. Ингээд 2004 оныг дахин “Монголыг нээх жил” болгон зарлаж, бас баахан хөтөлбөр, төлөвлөгөө баталсан аж. Харамсалтай нь, тухайн үед Монголыг халдварын тархалтгүй, аюулгүй бүс гэдэг өнцгөөс олон улсад таниулах нь чухал байсан учир гадаад маркетинг, сурталчилгаанд ихээхэн анхаарч, бусад чухал ажлыг орхигдуулсан гэнэ. Гадаад сурталчилгааг идэвхжүүлэх зорилгоор олон улсад нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудыг урьж, баримтат кино, нэвтрүүлэг захиалгаар хийлгэж байжээ. Ямар сайндаа л салбарын бизнес эрхлэгчид нь “2003 оны “Монголд зочлох жил”, 2004 оны “Монголыг нээх жил”-ээс “Welcome to Mongolia” хэмээх ганц дуу, хоёр баримтат кино, зохиомжит шторкууд л үлдсэн” гэж дурсах вэ дээ.
Тус салбарт олон жил ажиллаж буй нэгэн бизнесмен “Өмнөх “Монголд зочлох жил”-үүдээр ч манай улс жуулчдыг хүлээж авахад бэлэн байгаагүй. Төв талбайгаа зуны турш хааж байгаад, Д.Сүхбаатар жанжныхаа хөшөөг зассан түүх бий. Ийм онцгой цаг үед нийслэлийнхээ төв цэгийг хаасанньбодлогогүй шийдвэр байсан учир аялал жуулчлалынхан үүнд ихэд шүүмжлэлтэй хандаж, Байгаль орчны сайд У.Барсболд болон Дэд бүтцийн сайд Д.Жигжид нарт шаардлага хүргүүлсэн. Зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын салбарынхныг бус, урлаг соёлынхныг тэтгээд дууссан. Кино, нэвтрүүлэг, дуу бүтээх, олон улсын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах, оролцох зэрэгт багагүй хөрөнгө зарцуулсан” хэмээн ярьсан юм. Өөрөөр хэлбэл, манай улс “Монголд зочлох жил” санаачилгыг үлгэр жишээ түвшинд хэрэгжүүлсэн туршлагагүй, үүний хүрээнд хийсэн ажлууд нь ч байгаа онож байгаагүй аж. Гэтэл 20 жилийн дараа ч үүнийгээ давтсаар, яг ижил замналаар явж байгаа нь харамсалтай. Энэ янзаараа бол 2023-2025 оны “Монголд зочлох жил”-ээс хэдэн сурталчилгааны самбар, олон улсын хурал, зөвлөгөөнд оролцсон гэсэн мэдээ л үлдэх нь.
Энэхүү санаачилгын хүрээнд чухам юу хийв гээд бодохоор тоймтой ажил ховор. Ерөнхий сайдаар ахлуулсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгууллаа. Зорилтот зах зээлээ болгоод буй ОХУ, БНСУ-аас хэвлэл мэдээллийн байгууллагуудыг урьж авчран, Монгол орны талаар контент хийлгэлээ. Цаашдаа цахим орчинд нөлөө бүхий юүтүбэр, инфлүүнсерүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа салбарын сайд нь онцолсон. Олон улсад болж буй бүх л үзэсгэлэн, яармагт Монгол Улс алдалгүй оролцож байна. Мөн хэд хэдэн оронд урлаг соёлынхныг дагуулан очиж “Монголд тавтай морил” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулав. Ирэх сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 6 хүртэлх хугацаанд АНУ, Франц, Хятад, Солонгос, Япон зэрэг улсад долоон удаа үзэсгэлэнд оролцохоор төлөвлөжээ. Яг одоо гэхэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс БНСУ-д “КOPIST-2023” аялал жуулчлалын чуулга уулзалтад оролцож явна. Энэ уулзалтын үр дүнд ирэх долдугаар сард Монголд “к-поп” фестиваль зохион байгуулахаар болсон гэх. Бас тус улсын аялал жуулчлалын байгууллагуудтай хамтарсан форумыг ирэх намар зохион байгуулахаар тохиролцжээ. Олон улсын арга хэмжээнд оролцоод л энэ салбарыг хөгжүүлчихдэг, жуулчдынурсгалыг нэмчихдэг бол өдийд манай орныутаагүй үйлдвэрлэлийн салбар арай өөр түвшинд байх байлаа. Гэтэл энэ алдаа дутагдлаа олж харж, засаж залруулахын оронд уг санаачилгаар далимдуулан бүр ч эрчимжүүлж, илүү их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах болов. Үүний оронд Үндэсний их баяр наадам, Бүргэдийн баяр, Түмэн тэмээний баяр зэрэг дотоодын арга хэмжээнийхээ цар хүрээ, зохион байгуулалтыг сайжруулах, жуулчдыг жигшээдэг модон жорлон, хог хаягдал, дэд бүтцийнхээ асуудлыг бүрэн шийдэхэд анхаарвал дээр сэн. Нийслэл дэх автобусны буудлуудад “Монголд тавтай морил” гэсэн бичиг наахаас илүү хотын аяллын маршрутын зураглалыг байршуулж, тэдгээрийг цахим системд ойлгомжтойгоор оруулбал аялагчдад илүү хэрэгтэй сэн.
Олон улсын жишгийг харахад дэлхийн орнууд тодорхой нэг төрлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор, жуулчдад зориулсан онцгой бүтээн байгуулалт хийсэн, урамшуулал, хөнгөлөлтийн бодлого хэрэгжүүлж байгаа тохиолдолд энэ төрлийн санаачилга гаргах нь элбэг аж. Тухайлбал, Тайланд улс гэхэд 2020 онд Азидаа томоохонд тооцогдох усан парк байгуулсныхаа дараа “Жуулчдыг угтах жил” арга хэмжээгээзарлаж байж. Өөрөөр хэлбэл, жуулчдад үзүүлэх, тэднийг хүлээж авах таатай шинэ орчин бүрдүүлснээ дэлхий нийтэд ийнхүү зарласан гэсэн үг. Харин манай улсын хувьд ямар ч бэлтгэлгүй, шинэ зүйлгүй, тулгамдсан асуудлуудаа ч шийдэж чадаагүй хэрнээ аялагчдыг “Манайд ир” хэмээн “тулган шаардаж”, “2023 онд нэг сая жуулчин хүлээж авна” гэж том дуугарч байна. Уг нь тулгамдсан асуудлуудаа шийдэж, жуулчдад ээлтэй орчин нөхцөл бүрдүүлж чадвал “Монголд зочлох жил”-үүд илүү урт удаан хугацаанд үргэлжилж, гадаад аялагчдын урсгал аяндаа нэмэгдэх юм.