Туул болон түүний цутгал голуудын урсцыг нэмэгдүүлж, хөрсний элэгдэл, элсний нүүдлийг зогсоох зорилгоор ногоон зурвас байгуулахаар болсныг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. Эхний ээлжид нэг га талбайг ойжуулах бөгөөд 3-4 наст 1200 ширхэг навчит мод тарихаар төлөвлөжээ. Энэ төрлийн мод хөрсний бохирдлыг бууруулж, ус чийгийн тэнцвэрийг сайн барьдаг учраас урсац нэмэгдүүлэх зорилгоор голуудын хөндий, сав газарт тарихад тохиромжтой гэж үзсэн байна.
Үүнийг мод үржүүлэх, нөхөн сэргээх, ойжуулах чиглэлийн мэргэжлийн байгууллагаар тавдугаар сарын 10-наас зургадугаар сарын 10-ны хооронд хийлгэх аж. Нийт төсөвт өртөг нь 50 сая төгрөг бөгөөд санхүүжилтийг нь нийслэлийн төсвөөс шийдэхээр тусгажээ. Энэ нь нийслэлд цаашид байгуулах ногоон зурвасын жишиг загвар болох учраас навчит модны тарьц, суулгацаас эхлээд талбайн зураглал, технологи ашиглалт зэрэгт ихээхэн анхаарч ажиллах гэнэ.
Бэлтгэсэн: Н.Мишээл