БОАЖЯ-ныхан цаг үеийн асуудлаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт олон тооны зээр үхсэнтэй холбогдуулан хийсэн хяналт шалгалт, шинжилгээний хариу гараагүй байгааг мэргэжилтнүүд эхэнд нь дурдав. Харин “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны XIX талбайд хугацаа нь дууссан, аюултайд тооцогдох 32 нэр, төрлийн 592 тонн химийн бодис байсныг мэргэжлийн байгууллагаар үе шаттай устгуулж, дууссаныг мэдээллээ.
Орон сууцын хотхон, хороолол, авто угаалгын газар, барилгын компанийнхан Туул, Сэлбэ голыг бохирдуулж буй талаар гомдол, мэдээллийг иргэдээс ирүүлэх нь олширчээ. Үүнтэй холбогдуулан яамнаас хяналт шалгалт хийхдээ “СН трейд” ХХК барилгын суурийн усыг Сэлбэ гол руу шууд нийлүүлж байсныг тогтоосон байна. Улмаар тус компанид 17 сая төгрөгийн нөхөн төлбөр, 1.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн “Төв цэвэрлэх байгууламжийн бохирыг Туул гол руу нийлүүлж байна” гэх иргэдийн гомдол, мэдээллийн мөрөөр ажлын хэсэг томилж, хяналт шалгалт хийж байгааг хэлэв.
БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран өнгөрсөн сарын сүүлчээр “Жорлон” үндэсний чуулган зохион байгуулсан. Тэгвэл энэ үеэр 11 хүний бүрэлдэхүүнтэй “Монголын жорлонгийн ууган холбоо” төрийн бус байгууллага байгуулсныг, төр, хувийн хэвшлийнхний саналуудыг үндэслэн зөвлөмж боловсруулан, холбогдох байгууллагуудад хүргүүлснийг албаны хүмүүс тэмдэглэлээ.