-Тусгай хамгаалалттай 36 газраас хоёрынх нь мэдээллийг ил болгоод байна-
Дархан цаазат, тусгай хамгаалалттай бүс болох Богдхан уулын Залаатын, Түргэний аманд “Монголын алтан аялал” хэмээх компани 88.7 га газрыг 2010-2017 оны хооронд ашиглалтын зориулалтаар авчээ. Нийт найман удаагийн тусгай зөвшөөрлөөр Түргэний аманд долоо, Залаатынхад нэг хэсэг газар авсан байна. 2011 онд нэг өдрийн дотор дөрвөн тусгай зөвшөөрлөөр 33.4 га газрыг өөрсдийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдолч бий. УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас тус компанийн нэрийг шүүж үзвэл захирал нь Дамбын Хулангэж гарч ирэв. Тодруулбал, гадаад худалдаа, аялалжуулчлал, ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх эл компанийн эзэн нь МАК ХХК-ийн дэд ерөнхийлөгч Д.Хуланаж. Түүний охин, МАК ХХК-ийнгүйцэтгэх захирал Н.Цэлмүүн мөн Түргэний аманд 22.833 га газартай. Нэг гэр бүлийн энэ хоёр хүнд хамаарч буй газрын хэмжээ Богдхан уулын амуудад иргэд, аж ахуйн нэгжид олгосон нийт талбайн 48 хувьтай дүйж байх юм.
Тодруулбал, БОАЖЯ-наас дархан цаазат уулын амуудад нийт 2017 иргэнд 231.2 га газар олгосон гэж мэдээлсний 111.533 га нь Д.Хулангийн “Монголын алтан аялал” компани, түүний охин Н.Цэлмүүний “мэдэлд” байна.
Засгийн газар авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг эхлүүлсэнтэй холбоотойгоор ЦХХХЯ төрийн байгууллагуудын мэдээллийг ил тод болгох ажлыг зохион байгуулж буй. Үүний хүрээнд БОАЖЯ-наас Богдхан уулын дархан цаазат газар, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан 2162 иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг ил болгоод байна. Тусгай хамгаалалттай 36 бүсээс хоёрынх нь л мэдээллийг нээлттэй болгосон гэсэн үг. Цаашдаа Горхи, Тэрэлжээс эхлээд бусад газрынхыг ийм байдлаар ил болгох юм билээ. Эхний ээлжид оруулсан үүж үзэхэд л мөнгөтэй, эрх мэдэлтэй, улс төр, нийгэмд нөлөө бүхий, олны танил хүмүүс бусдаас давуу эрх эдлэн олон удаагийн тусгай зөвшөөрлөөр, их хэмжээний газар авсан жишээ цөөнгүй байна. Дээрх баримт бол үүний нэг нь.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий гэгддэг “Нью тур” компани гэхэд Бага болон Их тэнгэрийн аманд 2006-2016 оны хооронд гурван удаагийн тусгай зөвшөөрлөөр 60.3 га газар авчээ. Шадар сайд С.Амарсайханы ах С.Ганбатын “Собт трейд” ХХК Зайсангийн аманд зургаан удаагийн олголтоор 5.9 га газар авсан байна. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Хурд” группийн охин компани болох “Гоби ресурс хилл” Зайсангийн аманд 8.8 газар ашиглах эрх авчээ. “Энсада холдинг” компанийн захирал Ө.Болдсайхан тусгай хамгаалалттай дээрх хоёр бүсэд хамгийн их хэмжээний газар эзэмшдэг иргэдийн хоёрдугаарт бичигджээ. Тэрбээр Хөвсгөлийн Алагцарын голын ойролцоо 14 га газрыг хоёр удаагийн олголтоор авсан аж. Түүний өмнө МАК ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэлмүүн орж байна. Хөгжмийн зохиолч, дуучин, жүжигчин зэрэг урлаг соёлынхон ч энэ дунд цөөнгүй харагдлаа.
Тусгай хамгаалалттай газрын мэдээллийг ил тод болгож эхэлсэн нь сайшаалтай. Харин үүнийгээ хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Богдхан уулын дархан цаазат газраас мэдээлснээр тус бүсэд 2295 иргэн, аж ахуйн нэгж газар ашиглаж буй гэнэ. Гэтэл БОАЖЯ-ныхан 2017-гийнх нь л мэдээллийг цахим санд оруулаад байна. Тусгай хамгаалалттай хоёр бүсэд газар ашиглагчдын нэрс нийлээд ч дээрх тоонд хүрэхгүй байгаа юм. Тэгтэл яамныхан Богдхан уул, Хөвсгөлийн бүсэд газар ашигладаг иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг “шилэн” болголоо, бүрэн орууллаа хэмээн өөрсдийгөө сурталчилж, хэвлэлийн бага хурал хийж сууна. Үлдсэн 278 иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл хаашаа оров. Сүүлийн жилүүдийн буюу 2020 оноос хойших мэдээлэл ч харагдахгүй байна билээ. Ил болгохыг хүсээгүй зарим хүн, байгууллагын нэрийг нуучихсан юм биш биз. Ингэж хардах үндэслэл айна. Хэрэв тийм зорилготойгоор нуун дарагдуулсан бол тусгай хамгаалалттай газрын мэдээлэл “шилэн” болж чадахгүй. “Шил” ажиллагааны үндсэн зорилго болох авлигын шинжтэй үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилго ч биелэхгүй.
Тусгай хамгаалалттай нутагт аялал жуулчлалын зориулалтаар л газар олгох хуультай. Дэлгэрүүлбэл, ийм бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэлбэрээр, зохих зөвшөөрөлтэйгөөр аялал жуулчлал, судалгаа шинжилгээний зориулалтаар барилга, байгууламж барьж, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Дээрх иргэд, аж ахуйн нэгжүүдэд ч хуулийн энэ заалт, зохицуулалтаар газар ашиглах эрх олгосон. Харин авсан газраа хуулийн дагуу, зориулалтаар ашигласан нь тун ховор. “Нью тур” компани гэхэд Бага тэнгэрийн аманд аялал жуулчлалын зориулалтаар авсан газартаа тансаг зэрэглэлийн орон сууц бариад буй. “Гоби ресурс хилл” Богдхан уулын аманд өнгөрсөн оноос орон сууц барьж эхэлсэн гэсэн мэдээлэл бий. Энэ мэтчилэн дурдвал хууль зөрчиж, хулгайн замаар тусгай хамгаалалттай газарт эзэн суусан, барилга байшин барьсан хүн дэндүү олон. Тэр бүхнийг энд багтааж бичих аргагүй. Дархан цаазат уулынх нь амууд эхнээсээ дүүрээд, газар нэмж олгох боломжгүй болсон. Засгийн газар авлигатай тэмцэж, түүнийг үндсээр нь таслахыг зорьж байгаа л бол эдгээр мэдээллийг нээлттэй болгоод зогсохгүй дархан цаазат газрыг орон сууцын хотхон, хорооллоор дүүрэхэд нөлөөлсөн хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Хууль зөрчиж газар авсан хүмүүс, тэдэнд ийм боломж олгосон албан тушаалтнуудын толгойг илээд өнгөрвөл хойшдоо ийм явдал үргэлжилсээр л байна. Овгийн эхний үсгээс өөр тодорхой мэдээлэлгүй , цаад эзэн нь тодорхойгүй нууцлаг компаниудын нэрийг цахим системд оруулаад л өнгөрдөг болчихвол юу ч өөрчлөгдөхгүй, шийдэгдэхгүй.
Танил тал, нэр нөлөөгүй жирийн иргэдийн хувьд бол дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд газар авах нь байтугай чөлөөтэй алхах ч боломж заримдаа олддоггүй. Суурьшлын бүсэд өмчлөлийн газраа авах гэж яадаг билээ дээ. Гэтэл эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс хаа дуртай газраа хүссэн хэмжээгээрээ, зарим нь бүр нэг өдрийн дотор хэд хэдэн байршилд газар авч байна. Ийм тэгш бус, хууль зөрчсөн шийдвэрүүдийг БОАЖЯ-ны үе үеийн удирдлага, мэргэжилтнүүд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан (эднийхээс ирүүлсэн саналыг үндэслэж зөвшөөрөл олгодог) гаргаж ирсэн. Харин одоо тэд “Бид бүх хүнд ижил тэгш ханддаг, хууль, журмаа яг таг баримталдаг” хэмээн өөрсдийгөө хаацайлж байна. БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн залуу “Яам хууль, журмын холбогдох шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн ашиглалтын эрх олгодог. Гэхдээ тухайн компанийн цаана хэн байна вэ гэдгийг мэдэх боломж байдаггүй. Шүүгээд явах боломжгүй. Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг эрх тэгш олгодог” гэв.
Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Ганзориг “Улсын тусгай хамгаалалттай бүсэд суурьшлын бүс үүсвэл хэрхэх вэ гэдэг эрх зүйн зохицуулалт тодорхой бус. Үүнээс үүдээд өмч хөрөнгөтэй холбоотой олон талын асуудал үүсдэг. Үндсэн хуульд зааснаар бол Монгол Улсын иргэн хаана ч амьдрах, оршин суух эрхтэй. Мөн өмч, хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх эрхтэй. Гэтэл энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар үгүйсгэгддэг. “Ашиглалтын зориулалтаар авсан газартаа яагаад үл хөдлөх хөрөнгө барьчихсан юм бэ” гээд маргаан дагуулдаг. Өдгөө иргэд, олон нийтээс санал авч байгаа Газрын багц хуулийн төслүүдэд үүнтэй холбоотой тодорхой заалтуудыг тусгасан байгаа. Ер нь Монгол Улсын бүх иргэн, аж ахуйн нэгжид тусгай хамгаалалттай бүсэд газар авах эрх нь нээлттэй. Гэхдээ зөвхөн ашиглалтын харилцаа үүснэ” гэсэн юм.