Дэлхийн банк, БОАЖЯ хамтран Монгол орны хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход хувь нэмэр оруулах ажлуудыг төлөвлөх, тодорхойлох зорилготой судалгааг эхлүүлээд буй. Үүний үр дүн, мэдээлэлд үндэслэн байгальд суурилсан шийдэл бүхий төслүүдийг хэрэгжүүлэх юм. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах чиглэлээр ургаа ойн нөөцийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, түймрээс сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах зорилгоор голын эргийн ойг хамгаалах, агро ойжуулалт хийх, зурвас байгуулах зэрэг 10-аад төрлийн судалгаа хийж, үүнээс үр дүнтэйг нь улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл эл ажилтай холбогдуулан Дэлхийн банкны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөц, цэнхэр эдийн засгийн салбараас томилогдсон баг манай улсад иржээ. Тэд байгальд суурилсан шийдлүүдэд тавигдах экосистемийн үндсэн шаардлагуудыг судлах зорилгоор Ойн болон Усны газрын алба хаагчидтай орон нутагт томилолтоор ажиллах аж.