Улаанбаатараас Сидней хүртэлх 50 мянган км замыг автомашинтай туулах аяллаа өнгөрсөн оны зургадугаар сарын 27-нд нийслэлийн төв талбайгаас эхлүүлсэн Б.Түвшинбаярын гэр бүл Тайландын Хаант Улсын Бангкок хотод хүрээд байна. Tэд аяллаа эхлүүлснээс хойш найман сарын дараа буюу өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд Малайзын Куала-Лумпурточсон бол үүнээс 24 хоногийн дараа Тайландын нийслэлд хүрчээ. Тэндээсээ Мьянмар, Лаос, Камбож, Вьетнам, Индонез, Австрали гэсэн маршрутаар явж, зорьсон газартаа хүрэх нь. Аяллын туршид гурван тив дамжин, 50 мянган км зам туулахаар төлөвлөжээ. Вьетнам руу машинтай явахад хүндрэлтэй учир Камбожийн хил дээр тээврийн хэрэгслэээ үлдээгээд, Хо Ши Мин рүү нийтийн тээврээр зорчиж болзошгүй талаар тэд цахим хуудсандаа бичжээ.
Б.Түвшинбаяр, Д.Амарзаяа нар өмнө нь 2018 онд “Audi” маркийн машинаар 46 мянган км зам туулан Улаанбаатар-Лондон чиглэлд аялж байсан туршлагатай. Тэд энэ талаараа “Цэнхэр машинтай хоёр” контент бэлтгэж, дэлхийг тойрон аялах сонирхолтой хүмүүст “луужин” болж байв. Харин энэ удаа гэр бүлээрээ аялж буйгаараа онцлог. Залуу хос бага насны гурван хүүхэдтэйгээ “Mercedes-Benz camper van” машинаар хол зам туулж байна. Аяллаа эхлүүлэх үед нэг нас, хоёр сартай байсан охин нь өдгөө хоёр ойтой болжээ.