Нүүрсний гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг яллагдагчаар татах санал НПГ-т хүргүүлжээ. Өнгөрсөн сарын эхээр эл ажлын хэсгийнхэн түүний туслах, зөвлөх зэрэг хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой хүмүүсийн гэр, албан өрөө, аж ахуйн нэгжийн объектод нэгжлэг хийж эд мөрийн баримт болохуйц бичиг баримтууд хураан авсан билээ. Тэгвэл түүнд холбогдох үйлдлийнх нь мөрдөн шалгах ажиллагааг лавшруулж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал хүргүүлснийг хэд хэдэн эх сурвалж батлав. Т.Аюурсайханыг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр буруутгаж буй гэнэ.
Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарт Эрүүгийн хуулийн 22.1-3-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” хэмээн яллагдагчаар тооцсон бол Ж.Мөнхбатад нэмж 22.10-ын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зүйл ангид заасны дагуу буруутгаж буй юм билээ. Тэдэнд өчигдөр хууль сахиулах байгууллагынхан уг тогтоолыг нь танилцуулахаар хандсан боловч нэг нь гадаад улс руу явсан хэмээн ирээгүй гэнэ. Нөгөө нь ямар нэг шалтгаангүйгээр тогтоолтой танилцаагүй сурагтай.