Олон улсын “Транспаренси интернэшнл” байгууллагаас өчигдөр дэлхий даяар нэгэн зэрэг 2022 оны Авлигын төсөөллийн индексийг танилцууллаа. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа, олон улсын байгууллагуудын саналыг авч дүгнэлтээ гарган танилцуулдаг энэ индексээр Монгол Улс 2022 онд 33 оноо авч 180 орноос 116 дугаар байрт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх жилийнхээсээ таван байраар ухарсан үзүүлэлт болов. 2021 онд манай улс 35 оноо авч, 180 орноос 110-т жагсаж байсан юм.
2022 онд Вьетнам, Өмнөд Солонгос, Ангол улс авлигын түвшнээ бууруулж чадсан гэж танилцууллаа. Тухайлбал, Ангол улсын хувьд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийнхээ хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгосон нь индексээ бууруулахад түлхэц болсон аж.
Харин манай улсын хувьд хууль, эрх зүйн орчин боловсронгуй болоогүй, шүүх авлигын гэмт хэргийг шийдэхгүй удаашруулдаг, хөнгөн ял шийтгэл ногдуулдаг нь авлигын индекст сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэжээ. Тодруулбал, авлигаас ангид байх ёстой улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагаа нь ил тод болоогүй, нам дагасан авлига, хээл хахууль их байгаа. Авлигын хэргүүд шүүх, прокурорын шатанд шийдэгдэхгүй удааширдаг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ил тод байдлыг хангаж, компанийн засаглалыг сайжруулан олон нийт хянах эрх зүйн орчин бий болгох хууль боловсруулж батлаагүй нь ч үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн аж. Мөн ардчиллын үндсэн зарчим болох төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, хяналт тавих эрхийг зөрчсөн, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчноо сайжруулах ажил дутмаг байгаа нь сөрөг нөлөө үзүүлсэн гэж дүгнэжээ. Эдгээрээс гадна Орос, Украины алаар манай улс тодорхой байр суурь илэрхийлдэггүй нь ч нөлөө үзүүлсэн гэх албан бус мэдээлэл бидэнд ирсэн юм.