АТГ-аас өчигдөр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа болон нүүрсний гэх тодотголтой хэргийн явцын талаар мэдээлэл хийлээ. АТГ, ТЕГ, ЦЕГ-ын даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулан нийт 62 мөрдөгч уг хэргүүдийг шалгаж буй талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн.
“Эрх бүхий албан тушаалтнууд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 11 гээд нийт 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ажлын хэсгээс гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх санал гарган НПГ-т хүргүүлсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор үл хөдлөх 81 хөрөнгө (орон сууц 78, оффисын гурван талбай), тээврийн 43 хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг, дөрвөн газар, хоёр компанийн хувьцаа, 35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь зарлагын гүйлгээ, дөрвөн хүний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Эдгээрээс гадна нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630 сая төгрөг, 230 000 ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна” гэсэн мэдээллийг АТГ-аас өгөөд зарим яллагдагчийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх, битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийн бичлэгийг үзүүлсэн юм. Тухайлбал, төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан хүн Тавантолгойн орд газарт хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанийн захирлаас их хэмжээний хахууль авч, түүнийгээ Хан-Уул дүүргийн нутагт 4.6 га талбай бүхий газарт спортын цогцолбор, орон сууцын барилгын ажил эхлүүлж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг ашигланмөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод буй гэнэ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийн мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахууль авсан үйлдэл тогтоогдож байгаа гэж ойлгож болох нь. Тиймдээ ч Хан-Уул дүүргийн нутагт барьж буй гурван блок барилгын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийсэн аж.
Мөн төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан нэгэн хүн найзынхаа хамаарал бүхий этгээдийн нэр дээр 2020 оны хоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт байрлах “Голомт капитал” оффисын барилгад 464.54 ам метр талбайг 2.5, мөн оффист 530.09 ам метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байна. Гэвч эдгээрийг авсан мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй гэнэ. Хэргийн холбогдогч тухайн оффисоо түрээсэлж нэг тэрбум гаруй төгрөгийн орлого олсон нь ч тогтоогджээ. Уг үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэхийн зэрэгцээ хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр бонд, үнэт цаас авсныг ч тогтоон, захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан гэнэ. Дээрх үйлдлээс гадна төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн найзын компанийг шалгаруулж санхүүжилт авч, банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө угаасан байж болзошгүй үндэслэл тогтоогдсон байна.