Монгол Улсын хүн ам, улс орны эдийн засгийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангаж, байгалийн үнэт баялаг болох усны нөөцөө хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглах хандлагыг улс орон даяар хэвшүүлэх зорилгын үүднээс Засгийн газраас 2020 онд Усны газар байгуулсан билээ. Харин шинээр байгуулсан энэ агентлагийнх нь албаны тушаалтан БНХАУ-ын иргэдийн манай улсад байгуулсан аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохдоо хахууль авсан хэрэгт холбогдсон байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 764 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас долоог нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсэн хэрэг дунд эл агентлагийн албан тушаалтны холбогдсон үйлдэл буй юм. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт, БНХАУ-ын иргэн Лью Таогийн хөрөнгө оруулалттай, Маршаллын арлуудын оффшор бүсэд бүртгэлтэй компанийнх нь харьяа “Жавхлант орд” ХХК-ийн Баян-Ундаргын уурхайд үйл ажиллагаа явуулахаар холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан аж. Нүүрс олборлож, экспортлох чиглэлээр ажилладаг эл компанийн хөрөнгө оруулагчийн бие төлөөлөгч, БНХАУ-ын иргэн Чингэл, гүйцэтгэх захирал Мөнхчулуу нар уурхайгаа хэвийн ажиллуулахын тулд 2022 онд дээрх агентлагаас ус ашиглуулах дүгнэлт авахаар болжээ. Гэвч ямар нэг шаардлага хангаагүй байснаас болсон уу, дүгнэлт гаргаж олгох хуулийн хугацаа болоогүй байхад түүнээс урьтаж авахын тулд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дарханчимэгт 2022 оны арваннэгдүгээр сард “Жавхлант орд” компанийн нэгэн инженерээрээ дамжуулж 20 сая төгрөгийн хахууль өгсөн аж.