Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төрийн албан хаагчдын холбогдсон авлига, албан тушаалын хэргийг тус сум дахь Сум дундын шүүх тав хоногийн турш хэлэлцэн, шийтгэх тогтоолоо гаргажээ. АТҮТ-ийн дээрх сум дахь салбарын дарга, улсын начин А.Хатансайхан, Замын цагдаагийн хэсгийн дарга, хошууч Х.Уранбаяр, Зам, тээврийн хөгжлийн төвийн харьяа “Замын-Үүд” төлбөр авах цэгийн ахлах ажилтан С.Саруул, оператор Б.Уянга нарыг зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү жинтэй, даац хэтрүүлсэн ачаатай тээврийн хэрэгслүүдийг Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлд зорчиход жинлэлгүй, төлбөр авах цэгээр саадгүй нэвтрүүлэх үүрэг өгч, явуулсан хэрэгт шалгасан. Ингэхдээ Х.Уранбаяр нь 400 мянгаас зургаан сая хүртэлх төгрөгийн хахууль авсан нэг бус үйлдлийг АТГ-ынхан тогтоосон байдаг. Мөн С.Саруул 200 мянгаас нэг сая хүртэлх хэмжээний төгрөг хахуульд авч байсан нь батлагдсан юм. Мөн А.Хатансайхан нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2021 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд Замын-Үүдийн боомтоор БНХАУ руу нэвтэрч ачаа ачихаар иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслүүд ирсэн дарааллаараа дугаарласан байхад түүнд ороогүй автомашинуудыг нэвтрүүлэхийн тулд албан тушаалаа урвуулан ашигласныг ч тогтоосон аж. Дээрх албан тушаалтнуудад Замын-Үүд сумын I цэцэрлэгийн эрхлэгч Ц.Сүглэгмаагаас авхуулаад ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэгиргэн Б.Мягмаржав, Б.Баярбат, Э.Эрхбаяр, Б.Гансүх, Г.Амгаланбат, Г.Доржсүрэн, Д.Насанбат, М.Лундаажанцан, Ч.Батхүү, И.Баттамир, Э.Отгон-Эрдэнэ нар хахууль өгснийг АТГ-ынхан мөрдөн шалгаж тогтоосон байдаг. Эл хэрэгт Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Н.Алдарбаярыг холбогдуулан шалгасан ч шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт түүний үйлдлийг хэлэлцээгүй аж.
Замын-Үүд дэх Сум дундын шүүхээс улсын начин А.Хатансайханд нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, найман сая, Б.Уянгад төрийн албанд ажиллах эрхийг найман жил хязгаарлаж, 16 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Харин замын цагдаагийн хошууч Х.Уранбаярт нийтийн албанд ажиллах эрхийг нь долоон жил хасаж, нээлттэй хорих ангид гурав, С.Саруулын төрд ажиллах эрхийг нь найман жил хязгаарлаж, дөрвөн жил хорих ял оноосон байна. Бусад 12 шүүгдэгчийн нийтийн албанд ажиллах эрхийг 2-4 жил хасаж, 3-12.4 сая төгрөгөөр торгохоор болов.